Аливаад хэт их санаа зовдог хүмүүс өөрсдийгөө өвчлүүлдэг

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
sarnai@montsame.mn
2016-11-04 16:25:42

ВАШИНГТОН. /AP/. Санаа нь их зовж, сэтгэл нь байнга түгшдэг хүмүүс өөрсдөдөө олон төрлийн өвчнийг бий болгодог гэдгийг судлаачид  олж тогтоожээ.

Нөхцөл байдал сайн сайхан байлаа ч гэсэн өөрсдийнх нь ямар нэг юм болж бүтэхгүй байна хэмээн үргэлж бодож явдаг хүмүүсийн хувьд 10 жилийн дотор зүрхний өвчин тусах эрсдэл 73 хувиар их байдгийг саяхан хийсэн судалгаагаар тогтоожээ.  

Норвегийн Бергений их сургуулийн судлаачдын хийсэн уг нээлтийн дараа өвчтөнүүдийнхээ эрүүл мэндэд санаа зовинож буй эмч нар ямар нэг өвчний шинж тэмдэг илрээгүй байгаа өвчтөнүүддээ хамгийн сайн эмчилгээг хэрхэн хийж болох тал дээр нэлээд бэрхшээлтэй тулгарч мэдэх нь. Тус  сургуулийн сэтгэцийн эмгэг судлалын тэнхимийн доктор Лайн Иден Бергийн хэлснээр эдгээр нээлтүүд нь эмч нарыг ацан шалаанд оруулж байна гэжээ.

Учир нь эмч нар өвчтөний санаа зовинолын шинж тэмдгүүд нь тэдэнд зүрхний өвчин тусахад хүргэхгүй гэх, эсвэл байнгын санаа зовинол нь аливаа өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлэх шалтгаан болдог гэсэн хоёр дүгнэлтийн аль нэгийг нь хийх болоод байгаа юм.

Ноцтой өвчин туссан юм биш биз, эсвэл тусах вий гэсэн эрүүл мэндийн талаарх зовинол нь зүрхний өвчин үүсгэх эрсдэлтэй гэж судлаачид ярьж байна.

Судалгаанд 50-аас дээш насны 7052 хүнийг хамруулсан бөгөөд тэднээс эрүүл мэнд, амьдралын хэв маяг болон санаа зовнилынх нь талаарх асуултууд тавьсан. Тэднийг 10 жилийн туррш ажигласан бөгөөд аливаад санаа их санаа зовдог хүмүүс энэ хугацаанд зүрхний өвчнөөр өвчилсөн тохиолдол бусадтай нь харьцуулахад бараг хоёр дахин олон байжээ.

Энэ хугацаанд эрдэмтэд тэдний эрүүл мэндийн байдал, хоолны дэглэм, тамхи татах зуршил зэргийг мөн ажиглаж байжээ. Эрүүл мэндийнхээ талаар байнга санаа зовж явдаг хүмүүс төдийлөн их санаа зовдоггүй хүмүүсийг бодвол зүрхний өвчнөөр өвчлөх нь 2 дахин их буюу 6 орчим хувь байсан бол бусад нь 3 хувьтай байжээ.

Судалгааны эхэнд эрүүл мэндийнхээ талаар санаа зовдог хүмүүс зүрхний өвчнөөр өвчлөх магадлал бусадтай харьцуулахад 73 хувиар их байсныг дээр дурдсан билээ.

“Эрүүл мэндийнхээ талаар санаа зовдог хүмүүс нь өвчний шинж тэмдэг илэрч байгаа эсэхэд байнга хяналт тавьж, ойр ойрхон шинжилгээ хийлгэдэг. Харин бидний хийсэн судалгааны дүнг харвал, тэдгээр хүмүүсийн санаа зовинолт нь зүрхний титэм судасны өвчин тусах эрсдэлийг бууруулдаггүй болох нь харагдсан” гэж эрдэмтэд ярилаа.  

Судалгааны тайланг BMJ Open сэтгүүлд нийтэлжээ.

Х.Сарнай

 

関連ニュース