СҮХБААТАР: Эрдэнэцагааны бизнес эрхлэгчид анх удаа чуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-06-03 17:30:00

Баруун-Урт, 2025 оны зургаадугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Эрдэнэцагаан сумын бизнес эрхлэгчид “Орон нутгийн хөгжилд бидний оролцоо уриан дор” анхдугаар чуулга уулзалтаа хийлээ.


Өрхийн үйлдвэрлэл болон худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг харилцан туршлага судлуулах, орон нутагтаа шинэ брэнд нутагшуулах, бизнес эрхлэгчдэд төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг танилцуулах, амжилтаараа бахдаж асуудлаа хэлэлцэх зорилго бүхий энэ уулзалт нь анх удаа болж буйгаараа онцлог.


Бизнес эрхлэгчдийг дэмжихийн тулд нэн тэргүүнд ажиллах, үйлдвэрлэл үйлчилгээгээ явуулах таатай орчин нөхцөл шаардлагатай. Үүний тулд инженерийн шугам сүлжээг шийдэх ажлын хүрээнд зураг төслийг боловсруулж, төсвийг батлуулсан. Ажил нь удахгүй эхэлнэ. Нөгөө талаар Бичигт боомтыг түшиглэсэн бизнесийн орон зай, аялал жуулчлалын таатай орон зайг Эрдэнэцагааныхан нэн тэргүүнд ашиглах ёстой. Төр засаг боломжоороо дэмжинэ, харин баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчид хийх ажлаа санаачлаад, тодорхой болгоод ороод ирээсэй гэж хүсэж байна гэдгийг сумын Засаг дарга Ч.Алдарбат хэллээ.


Засаг даргын дэргэд таван хүний бүрэлдэхүүнтэй бизнес эрхлэгчдийн зөвлөлийг байгуулан ажиллаж хэвшсэн. Энэ нь тухайн салбарын мэдээллийг цаг алдалгүй авах, асуудлыг шийдвэрлэхэд дөхөм байдаг гэдгийг мөн тэрээр үгэндээ тодотголоо.



Эрдэнэцагаан сум 6951 хүн амтай. Олон улсын Бичигт боомтод түр оршин суугч болон дамжин өнгөрдөг иргэдийг тооцвол хүн амын тоо 10 мянгад дөхнө. Эдгээр иргэдэд хүнсний худалдааны 27, нийтийн хоол үйлдвэрлэлийн 14, хүнсний үйлдвэрлэлийн 12, ахуй үйлчилгээний 30, 25 хоршоо, газар тариалангийн чиглэлээр 16 ААНБ, иргэн үйлчилгээ үзүүлж байна.


Цаашид төмс, хүнсний ногоо, цэвэр усны хангамжийг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай. Хамгийн гол нь нэгдэж, хоршиж байж үйлдвэрлэлээ хөгжүүлэх, ашиг орлогоо нэмэгдүүлэх нь хамгийн зөв гарц гэдгийг мэргэжлийн байгууллагуудаас зөвлөлөө. Эрдэнэцагаан суманд өнгөрсөн хоёр жилд 20 хоршоо шинээр байгуулж, 1,8 тэрбум төгрөгийн зээл авчээ. Энэ зээлийн зарцуулалт, үр дүн харилцан адилгүй байгааг хэлж байна.



Бизнес эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөнд Эрдэнэцагаан сумын үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэгчид болон аймгийн ХАҮТ, НДГ, ХХҮГ-ын төлөөллүүд оролцож мэдээлэл солилцож байгаа бөгөөд чуулганы төгсгөлд нэгдсэн уриалгыг дэвшүүлэх юм

関連ニュース