“Хасын Хүлэгүүд” хагас шигшээд шалгарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигийн финалын тоглолт АНЭУ-ын Абу Даби хотод үргэлжилж байна.
Тус тэмцээнд манай улсаас үндэсний лигийн есөн удаагийн аварга “Хасын Хүлэгүүд” оролцож байгаа бөгөөд тэд хагас шигшээд шалгарлаа. Монголын лигийн аваргууд хэсгийн шатанд Хятадын аварга “Зежиан Гуанша Лионс” хожсон ч Ираны аварга “Табиат Баскетболл”-д хожигдсон.
Гэвч хэсгийн тоглолтод үзүүлсэн амжилтаараа шөвгийн наймд шалгарсан бөгөөд энэ шатанд Филиппиний лигийн аварга “Миралко Болтс”-ыг 83:78-аар буулган авлаа. Ингэснээр шөвгийн дөрөвт Японы В1 лигийн аварга “Үцүномияа Брэкс”-тэй тоглохоор болов.
Энэхүү тоглолт өнөөдөр Улаанбаатарын цагаар 21:00
цагт Абу Даби хотын “Кока кола арена”-д болно. Ялбал аваргын төлөө, ялагдсан
тохиолдолд хүрэл медалийн төлөө тоглох юм. Азийн аваргуудын лигийн медальтнууд
маргааш тодорно.