С.Магнайсүрэн: Төрийн аудитын байгууллага ил тод, нээлттэй байх зарчмыг баримталж ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-06-13 17:58:40

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Үндэсний аудитын газраас хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтнууд, сэтгүүлчдэд зориулсан “Мэдлэг хуваалцах цаг” сургалт, хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.


Тус сургалтад Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн Төрийн аудитын байгууллагын үйл ажиллагааны зорилго болон мэдээллийн ил тод байдлыг хангах чиглэлд баримтлах бодлогоо танилцуулав.


Тэрбээр “Нийгэм, эдийн засгийн өсөн нэмэгдэж буйн хэрээр төсөв тэлж, хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа энэ цаг үед аудитын байгууллагын гүйцэтгэх үүрэг улам бүр нэмэгдэж байна. Тиймээс үйл ажиллагаандаа хиймэл оюун ухаан, мэдээллийн технологийн хөгжил дэвшилд суурилсан арга зүйг ашиглах, цахим аудитын тогтолцоо бий болгох зорилготой ажиллаж байна. Хэвлэл, мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа нийгмийн алдаа гажуудлыг сөхөж тавих, зөв голдиролд оруулахад чиглэдэг. Харин Төрийн аудитын байгууллагын хувьд төрийн санхүү, төсвийн зарцуулалт, хууль тогтоомж, бодлого шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж, иргэд олон нийтэд аудитын үр дүнгээ хүргэх ажлууд маань тал талаасаа огтлолцдог билээ. Энэ танхимд нотолгоонд суурилсан мэдээ, мэдээлэл бэлтгэхэд анхаарч ажилладаг сэтгүүлчид хуран цугласан гэж ойлгож байна. Иймд аудитын тайлангаа та бүгдээр дамжуулан иргэд олон нийтэд хүргэх ажлыг илүү үр дүнтэй болгоход анхаарч ажиллах болно” хэмээн ярилаа.


Төрийн аудитын байгууллага нь аудитын тайланг ил тод, нээлттэй мэдээлэх, хүртээмжийг сайжруулах хүрээнд audit.mn сайтыг шинэчлэн хөгжүүлсэн билээ. Мөн Үндэсний аудитын газрын удирдлагууд сургалт-хэлэлцүүлэгт оролцсон сэтгүүлчдийн сонирхсон асуултуудад хариулт өгч, ил тод байдлыг хангаж ажиллах талаар санал, бодлоо солилцов.




関連ニュース