Хил дамнасан тээвэр, цахим худалдааг цогцоор нь хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-06-17 14:20:05

Ухань, 2025 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Хорин сая гаруй хүн амтай БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хот тус улсын бизнес, эдийн засаг, аялал жуулчлалын томоохон төв юм.


Учир нь нутгийн төв хэсэгт оршдог энэ хотыг зорих гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, аялагчид жил бүр нэмэгддэг төдийгүй өсөн нэмэгдэх эрэлт хэрэгцээнд үндэслэж Хятадын төрийн өмчит "Хил дамнасан цахим худалдаа,  аж үйлдвэрийн парк" ачаа тээврийн зориулалттай нисэх онгоцны буудал, үүнийг дагасан бараа бүтээгдэхүүн борлуулах цахим худалдааны цогц бүтээн байгуулалтын ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.




Өөрөөр хэлбэл, бараа бүтээгдэхүүнийг дэлхийн олон орноос хүлээн авч захиалагч талд нийлүүлэхээс гадна хятадын "Тик ток" цахим худалдааны платформ дээр бараа бүтээгдэхүүнийг цахимаар худалдах, аж ахуйн нэгжүүдэд зориулсан сургалт, мэдээллийн ажлыг зохион байгуулдаг аж.


Монгол, Хятадын сэтгүүлчдийн хамтарсан баг нисэх онгоцны буудал болон цахим худалдааны үйл ажиллагааг сонирхов.


Өнгөрсөн жил хотын дүүрэгт ашиглалтад орсон "Хуахү" нисэх онгоцны буудлын терминал 17 нислэгийн зам шугамтай бөгөөд одоогоор зөвхөн ачаа тээвэрт зориулагдсан байна. Цагт 280 мянган ширхэг ачааг ангилж нислэгт бэлтгэх боломжтой юм.


Онгоцны буудал дотооддоо 58 аяллын шугамтай бол олон улсын хэмжээнд 42 нислэгийн шугамыг ашиглана.


Ачаа тээврийн үйл ажиллагаа голдуу шөнөөр явагдахаас гадна Бээжингийн цагаар шөнийн 00.00-02.00 цаг хүртэл 40 гаруй нислэгийн ачаа барааны тээвэрлэлт хийдэг аж. Харин хамгийн ихдээ нэг шөнө 90 нислэг ачааг тээвэрлэх боломжтой юм.



Бараа бүтээгдэхүүнийг цахимаар борлуулж буй байдал


Нисэх онгоцны буудлыг тээврийн хэсэг, татварын хэсэг, хяналтын хэсэг зэргээр төлөвлөснөөс гадна бусад бизнесийн байгууллагын үйлчилгээг ч хамруулжээ.


Гэхдээ  барилгын зураг  төсөв, төлөвлөлтийн дагуу зарим бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн гүйцэтгэж, 2050 он гэхэд өдөрт 200 сая ширхэг хэмжээний барааг ачиж буулгах чадалтай болох аж.


Цаашид зорчигч тээврийн үйл ажиллагааг ч хэрэгжүүлэхээр тусгасан байна. Мөн галт тэрэгний тээвэр, усан тээвэр, агаарын тээврийг нэг дор төвлөрүүлэхээр төлөвлөжээ. 


Засгийн газраас хил дамнасан цахим худалдаа эрхлэх дүрэм журам баталснаар худалдаа эрхэлдэг компани, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд барааг хэрхэн цахимаар борлуулах тухай сургалт явуулж эхэлсэн нь үр дүнгээ өгч, олон аж ахуйн нэгж амжилт олжээ.


Ташрамд, хятадын "Тик ток"  платформ нь хамгийн алдартай цахим аппликейшн гэсэн тодотголтой байдаг.

 



関連ニュース