Айл өрхийг шатдаг хийн түлшинд холбох ажлыг үе шаттай эхлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-06-17 14:57:31

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/.  Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын төлөөлөгч, “Тархмал эрчим хүчний дэд бүтэц” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Батзориг нар БНХАУ-ын Чиндао хотын эрчим хүчний салбарын төлөөлөгчидтэй уулзав.


Манай улс  нийт 105 627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбох ажлыг энэ оноос хийхээр төлөвлөсөн. Эхний ээлжид 7,000 өрхийг, цаашлаад 2030 он хүртэл жил бүр нэмж холбоно.  Эхний холболт Баянзүрх дүүргийн гэр хорооллын тодорхой бүсүүдэд хэрэгжихээр төлөвлөж буй аж. Талууд энэ ажлын  хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцов.


НИТХ-ын дарга А.Баяр, “Нийслэл хотын тулгамдсан асуудал болох агаар орчин бохирдлыг бууруулах, шатдаг хийн түлшийг нэвтрүүлэх үйл ажиллагаанд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхолтой хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлэв. Хийн түлшинд шилжихэд Монголын эрс тэс цаг уурын нөхцөлд таарсан технологи, хамгийн чухал нь аюулгүй байдалд онцгой анхаарч байгаагаа дурдаад Улаанбаатар хот хамтын ажиллагаанд нээлттэй бөгөөд хууль эрх зүйн хүрээнд бүхий л боломжоор дэмжин ажиллана” гэв.


“Тархмал эрчим хүчний дэд бүтэц” ХХК нь нийслэлийн иргэдийг цэвэр, хүртээмжтэй эрчим хүчээр хангах, агаарын бохирдлыг бууруулах, тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор үйл ажиллагаагаа үе шаттай хэрэгжүүлж байна. 

 

関連ニュース