Төрийн байгууллагын тогтолцоо, гүйцэтгэлийн үнэлгээг шинэ шатанд гаргах зорилготой төсөл хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-08-05 09:46:54

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. “Төрийн байгууллагын төгөлдөршлийн тогтолцоо ба гүйцэтгэлийн үнэлгээ” Азийн загвар байгууллагын төслийн нээлт болов.


Төрийн байгууллагуудын бүтээмжийг нэмэх, иргэдэд үзүүлэх үйлчилгээг илүү үр дүнтэй, хүртээмжтэй болгох зорилготой тус төслийг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын санаачилгаар Монголын Бүтээмжийн төв, Азийн Бүтээмжийн байгууллага хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү төсөлд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын хоёрдугаар төв эмнэлэг “загвар байгууллага”-аар сонгогдон оролцож байна. Эдгээр байгууллага үйл ажиллагаагаа бүтээмжийн олон улсын стандартад нийцүүлэн сайжруулах, стратегийн төлөвлөлт, хүний нөөцийн менежмент, үйлчилгээний чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.

 

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Батцэцэг нээж хэлсэн үгэндээ,  “Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн өсөлт, хүний хөгжлийг дэмжих, засаглалын чанарыг дээшлүүлэх томоохон зорилтыг дэвшүүлсэн. Үүнийг хэрэгжүүлэхэд олон улсын туршлага, шалгарсан аргачлал, зохион байгуулалтын шинэчлэлтээр төрийн байгууллагуудын сахилга, хариуцлага, бүтээмжийг нэмэх нь чухал” хэмээн онцлов.


Төслийг хэрэгжүүлснээр төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагаа сайжирч, иргэд төрийн үйлчилгээг илүү хялбар, шуурхай, ойлгомжтой, ил тод авах боломж бүрдэх аж.

 



関連ニュース