Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-21 16:24:32


Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ХӨСҮТ-д өнөөдөр ажиллалаа. 


Улсын хэмжээнд энэ оны хоёрдугаар сараас хойш улаанбурхан өвчний 8648 тохиолдол  бүртгэгдэж, долоон хүүхэд энджээ. Нийт тохиолдлын 71.5 хувь нь вакцинд хамрагдаагүй хүүхэд байна гэдгийг  Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн танилцуулав. Цаашид өвчний тархалт нэмэгдэх эрсдэлтэй учраас Ерөнхий сайд баяр наадмын хөдөлгөөн эхлэхээс өмнө яаралтай арга хэмжээ авч, хичээл сургууль эхлэх хүртэлх амралтын энэ хугацаанд эрүүл мэндийн салбар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллахыг үүрэг болголоо. 


15 хүхтэлх насныханд нөхөн дархлаажуулалт хийж байгаа ч улсын хэмжээнд дөнгөж 26 хувьтай байна. Тиймээс сургууль, цэцэрлэг цуглахаас өмнө нөхөн дархлаажуулалтыг улс орон даяар зохион байгуулах нь чухал.  Мөн баяр наадмын өдрүүдэд халдвар тархах эрсдэлийг тооцож, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ яаралтай авахыг анхаарууллаа. 


Хүний хөгжлийг эрхэмлэн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэж аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлж, иргэдээ эрүүл, аюулгүй байлгах нь Засгийн газрын нэн  тэргүүний зорилт гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцолж байлаа. 


Мөн дархлаажуулалт бодлогын түвшинд алдагдсаныг олон улсын байгууллага, эрдэмтийн судалгаа дүгнэлт баталж байна. 10-14 насны  хүүхдүүд улаанбурхнаар өвчилж буй нь 2010-2015 онд хийсэн вакцины үйлчлэл буурч байгааг харуулж байна. Тиймээс чанарт онцгой анхаарч дархлаажуулалтын богино, дунд, урт хугацааны бодлого боловсруулах шаардлагатай гэв. 


Ковидоос хойш вакцинжуулалтад үл итгэх, худал мэдээлэл тараах болсон нь вакцинжуулалтад сөргөөр нөлөөлж, энэ нь өвчлөлийг нэмэгдүүлж байна. Вакцин бол шинжлэх ухаанаар батлагдсан зүйл. Удахгүй наадам болно. Аялал зугаалгын үе эхэлнэ. Энэ нь өвчлөлийн дэгдэлтийг нэмэгдүүлж болзошгүй гэдгийг хэлээд дархлаажуулалтад хамрагдахыг Ерөнхий сайд уриаллаа.


Эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, вакцины хүрэлцээ, эмч сувилагч, ажилчдын ажлын ачаалал их байгааг ХӨСҮТ-ийн удирдлагууд Ерөнхий сайдад танилцуулсан, тэдний саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж өгөхөө Ерөнхий сайд илэрхийлэв.




関連ニュース