ДАРХАН-УУЛ: Нөхөн сонгуульд 44.91 хувийн ирцтэй оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-06-23 15:51:04

Дархан, 2025 оны зургаадугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар нөхөн сонгуулийг 2025 оны зургаадугаар сарын 22-ны өдөр зохион байгууллаа.


Шарын гол сумын хувьд 4578 сонгогч нэрсийн жагсаалтад бичигдсэнээс 2056 буюу 44.91 хувийн ирцтэйгээр санал хураалт өндөрлөлөө. Хүйсээр ангилбал 925 эрэгтэй, 1131 эмэгтэй сонгогчид энэ удаагийн нөхөн сонгуульд саналаа өгчээ.


Энэ удаагийн нөхөн сонгуулиар аймгийн ИТХ-ын нэг мандатад Шарын гол сумын 21 дүгээр тойрогт Монгол Ардын нам, Ардчилсан намаас тус бүр нэг нэр дэвшигч өрсөлдсөнөөс 1217 буюу 59.19 хувийн саналыг Монгол Ардын намаас нэр дэвшигч Лүндэгийн Наранбаатар, 814 санал буюу 39.59 хувийн саналыг Ардчилсан намаас нэр дэвшигч Дэмбээгийн Батболд авчээ.


Сумын ИТХ-ын сонгуульд хоёр тойрогт дөрвөн нэр дэвшигч өрсөлдсөнөөс нэгдүгээр тойрогт 1902 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс 944 буюу 49.63 хувийн ирцтэйгээр санал хураалт өндөрлөсөн байна.


Үүнээс 477 санал буюу 50.53 хувийн саналыг Монгол Ардын намаас нэр дэвшигч Э.Халиун, 444 санал буюу 47.46 хувийн саналыг Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Эрдэнэбаяр нар тус тус авчээ.


Харин хоёрдугаар тойрогт нийт 1263 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс 569 буюу 45.5 хувийн ирцтэйгээр санал хураалт өндөрлөсөн байна.


Үүнээс 315 санал буюу 55.36 хувийн саналыг Монгол Ардын намаас нэр дэвшигч М.Серикболд, 247 санал буюу 43.41 хувийн саналыг Ардчилсан намаас нэр дэвшигч Г.Ууганбаяр авчээ.


Шарын гол сумын нөхөн сонгуулийн үйл ажиллагаанд аймаг, сумын хэсгийн хороод, хууль хяналтын байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, дэд бүтцийн байгууллагын нийт 119 албан хаагч ажиллалаа.


Ташрамд, 2024 оны орон нутгийн ээлжит сонгуулиар АН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан төлөөлөгч нь аймгийн ИТХ-ын төлөөлөгч байхаас татгалзаж, Шарын гол сумын ИТХ-ын төлөөлөгч байхыг өөрийн хүсэлтээр сонгосон. Иймд 21 дүгээр тойрогт буюу Шарын гол суманд ийнхүү нөхөн сонгууль зохион байгуулсан гэж аймгийн Сонгуулийн хорооноос мэдээлэв.

 

関連ニュース