МОНЦАМЭ агентлагийн дарга Х.Энх-Орших үүрэгт ажилдаа орлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2025-06-24 11:32:27

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн даргаар томилогдсон Х.Энх-Орших тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орлоо.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр тамгыг гардуулсны дараа Х.Энх-Орших нийт ажилтан, албан хаагчидтай уулзав. Энэ үеэр Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын захирамжийг уншиж танилцууллаа.


Шинээр томилогдсон дарга Х.Энх-Орших 104 жилийн түүхтэй, Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын мэдээллийн агентлагуудын нэгдсэн байгууллага ОАНА-ын гишүүн болох МОНЦАМЭ агентлагийг ахалж ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлэв.


Товч намтар:

-2001 онд нийслэлийн 11 дүгээр дунд сургууль,

-2009 онд БНТУ-ын Ойрхи Дорнодын техникийн их сургуулийг Олон улсын харилцааны чиглэлээр төгссөн.

-2017 онд Австралийн үндэсний их сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Мөн Нидерландын олон улсын харилцааны Клингендалийн институтид дипломат ажиллагааны чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.

-2009-2010 онд “ЭмАйСиСи” ХХК-д хөрөнгө оруулалтын шинжээч,

-2010-2013 онд Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний газарт III нарийн бичгийн дарга,

-2013-2014 онд УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст референт,

-2017 онд Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлтийн газарт II нарийн бичгийн дарга,

-2017-2021 онд Монгол Улсаас БНАУ-д суугаа Элчин сайдын яаманд I нарийн бичгийн дарга,

-2021-2022 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бодлого хэрэгжилтийн газарт ахлах референт,

-2022-2025 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бодлого хэрэгжилтийн газрын даргаар тус тус ажилласан.

関連ニュース