АНУ-д борлуулах Coca-Cola-гийн жорыг өөрчилнө гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2025-07-18 10:25:54

ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 18 /BBC/. “Coca-Cola” компани АНУ-д зарах ундаандаа нишингийн элсэн чихэр ашиглахыг зөвшөөрсөн гэж тус улсын Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгджээ. 


Одоогийн байдлаар АНУ-д худалдаж буй “Coca-Cola”-гийн бүтээгдэхүүнд эрдэнэ шишийн сироп ашигладаг. Гэвч энэ найрлага нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж Эрүүл мэндийн сайд бага Роберт Кеннеди санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна. 


“Би Coca-Cola компанитай Coke ундааны америк хувилбарт жинхэнэ нишингийн элсэн чихэр ашиглаж эхлэх талаар ярилцсан, тэд үүнийг зөвшөөрсөн. Энэ шийдвэрийг гаргахад оролцсон Coca-Cola компанийн бүх хүнд талархал илэрхийлье” хэмээн Д.Трамп “Truth Social” нийгмийн сүлжээндээ бичсэн байна. 


Харин “Coca-Cola” компани жороо өөрчлөх эсэхийг шууд батлаагүй ч “Ерөнхийлөгч Трампын идэвх зүтгэл, урам зоригийг үнэлж байна” хэмээн мэдэгдээд, “Coca-Cola брэндийн шинэ, шинэлэг бүтээгдэхүүнүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хуваалцана” гэжээ.


АНУ-д зардаг “Coca-Cola”-гийн ундаануудыг ихэвчлэн эрдэнэ шишийн сиропоор амталдаг бол Мексик, Их Британи, Австрали зэрэг улсуудад нишингийн элсэн чихэр ашигладаг ажээ.  


“Coca-Cola” компанийн гүйцэтгэх захирал Жэймс Куинси дөрөвдүгээр сард хөрөнгө оруулагчидтай уулзах үеэрээ бид “ундаан дахь сахрын хэмжээг бууруулах чиглэлээр ахиц гаргасаар байна” гэж мэдэгджээ.


Тэрбээр хэлэхдээ, Атлантад төвтэй тус компани энэ зорилгод хүрэхийн тулд “жоруудаа өөрчлөхийн зэрэгцээ, дэлхий даяарх маркетингийн нөөц бололцоо, түгээлтийн сүлжээг ашиглан бүтээгдэхүүнүүдийнхээ талаарх олон нийтийн мэдлэг, сонирхлыг нэмэгдүүлж ажиллаж байна” гэж онцолсон байна. 


Гэвч нишингийн элсэн чихэр рүү шилжих нь АНУ-ын эрдэнэ шиш тариаланчдын дургүйцлыг төрүүлж магадгүй байна. “Эрдэнэ шишийн сиропыг нишингийн сахраар солих нь АНУ-ын хүнсний үйлдвэрлэлийн мянга мянган ажлын байрыг үгүй хийж, тариаланчдын орлогыг бууруулж, гадаадын сахрын импорт нэмэгдэхэд хүргэнэ. Тэгээд ч хоол тэжээлийн талаасаа ямар ч шим тэжээлгүй" гэж Эрдэнэ шиш боловсруулах үйлдвэр эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Жон Боуд мэдэгджээ.


АНУ-ын Эрүүл мэндийн сайд Роберт Кеннеди болон түүний “Make America Healthy Again” хөдөлгөөн хүнсний бүтээгдэхүүнээс эрдэнэ шишийн сироп, ургамлын тос, хиймэл өнгө оруулагч зэрэг орцыг хасахыг уриалж байгаа бөгөөд эдгээр нь эрүүл мэндийн олон төрлийн асуудал үүсгэдэг гэж үзэж байгаа ажээ. 


Д.Трамп “Diet Coke” ундааг байнга уудаг бөгөөд энэ ундаа нь хиймэл амт оруулагч аспартам агуулдаг байна.  Тэрбээр  Цагаан ордны Зууван танхимын ширээнд уг ундааг авчруулах тусгай товчлуур суурилуулжээ.


関連ニュース