ОРХОН: Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд "Эрдэнэт" үйлдвэрт ажиллалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр,2025 оны наймдугаар сарын 4/МОНЦАМЭ/. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням тэргүүтэй уул уурхайн салбарын албаны хүмүүс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллаж, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцан, ажилтнуудтай уулзалт хийлээ.
Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд хүдрийн нөөцийг өсгөх, үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагаа, улсын төсөв бүрдүүлэлтийг алдагдуулахгүйгээр техник технологийн шинэчлэл, үйлдвэрлэлийн хүчин чадлыг өргөтгөх, нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл, бүтээн байгуулалтууд амжилттай үргэлжилж байгаа юм. Тухайлбал, энэ оны эхний хагас жилд баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсгийн хам баяжуулалтын 2, 3 дугаар секцийн шинэчлэлийг ашиглалтад өгөхөд бэлэн болгосон бол хүдэр бэлтгэлийн 1 дүгээр шугамын шинэтгэл, өргөтгөлийн ажлыг эхлүүлээд байна.
Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн жил геологи хайгуулын нөөцөө 3.4 тэрбум тоннд хүргэж, батлуулсан. Энэ нь 55 жил үр ашигтай ажиллах нөөцтэй гэсэн үг. Ийм хугацаанд олборлолт хийж, цаашид нэмэгдүүлэх зорилго тавин ажиллана.