Хятадын бараанд нэмэлт татвар ногдуулах хугацааг хойшлуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-08-12 08:56:47

ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 12 /CNBC/. Хятадын бараа бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулах хугацааг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт дахин 90 хоногоор хойшлууллаа гэж Цагаан ордны төлөөлөгч CNBC телевизэд мэдээлжээ.


Эдгээр тарифыг мягмар гаргаас ногдуулахаар төлөвлөж байсан юм. Гэвч Д.Трамп энэ хугацааг 11 дүгээр сарын дунд үе хүртэл хойшлуулах тухай зарлигт хэдэн цагийн өмнө гарын үсэг зурсан гэж албаны хүн мэдээлсэн байна.


Шведийн нийслэл Стокхолм хотноо долоодугаар сарын сүүлчээр болсон АНУ, Хятадын төлөөлөгчдийн хэлэлцээний дүнд татвар ногдуулах хугацааг хойшлуулна гэж шинжээчид таамаглаж байв. Хэрэв энэ хугацааг хойшлуулаагүй бол АНУ-аас Хятадад ногдуулах татварын хэмжээ дөрөвдүгээр сард тогтоож байсан хэмжээнд хүрэх байв. Тухайн үед Д.Трамп Хятадын импортын бараанд ногдуулах татварыг 145 хувь хүртэл нэмэгдүүлж, Хятадын тал АНУ-ын бараанд 125 хувийн татвар ногдуулсан юм. Гэвч хоёр талын төлөөлөгчид Женевт анх удаа уулзсаны дараа тавдугаар сард талууд эдгээр тарифын ихэнхийг түр хойшлуулахаар тохиролцсон юм. Улмаар АНУ гаалийн татвараа 30 хувь, Хятад улс татвараа 10 хувь хүртэл бууруулсан билээ.


Даваа гарагт гаргасан татвар ногдуулах хугацааг хойшлуулах шийдвэр нь АНУ-ын худалдааны бодлогыг олон бизнес эрхлэгчдийн хувьд таамаглах аргагүй болгож байна.

 


関連ニュース