ТӨВ: Морин толгойн буган чулуун хөшөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-08-16 13:45:25

Зуунмод, 2025 оны наймдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт Морин толгойн булш бий. Булшны зүүн урд зүгт нэгэн дөрвөлжин булшинд гурван буган хөшөөг хана болгон ашигласан байдаг нь Морин толгойн буган чулуун хөшөө юм. Энэ хөшөө нь булшны баруун, хойд, зүүн талд хана болон байршжээ. Уг буган хөшөөг археологич Д.Наваан 1980-аад оны үед анх илрүүлэн судалсан байна.


Нэг дэх буган хөшөөг дөрвөлжин булшны баруун хана болгон ашигласан байдаг ба энэ хөшөө 2 м өндөр, 42 см өргөн, 23 см зузаан хэмжээтэй. Үүнийг нарийн ширхэгтэй ногоон саарал өнгийн боржингоор хийжээ.


Хөшөөний гадарга дээгүүр улаан өнгийн зузаан хаг тогтсон тул сийлбэр нь цайвар өнгөтэй харагддаг. Гонзгой хэлбэртэй чулууг засалгүй шууд сийлбэр сийлжээ. Хөшөөний нүүрэн талын дээд хэсэгт нар, түүнээс доош том жижиг гурван бугын хоншоорыг уруу нь харуулан дүрсэлсэн. Хөшөөний баруун хажууд нэгэн бугын хоншоорыг хөшөөний орой руу хандуулж түүнээс доош таван талтай, тагнай хээтэй бамбай дүрсэлжээ.


Хөшөөний арын хавтгайд том жижиг гурван буга, чинжал, дугариг толь, ирвэс шүлүүсний төрлийн амьтныг хонхойлон цохиж дүрсэлжээ. Хөшөөний зүүн хажууд бас сийлбэртэй. Хөшөөнөө дүрсэлсэн бүх бугыг загварчлан шувуу мэт урт нарийхан хошуутай, хээ угалз мэт олон салаа эвэртэй, шавхнуун биетэй, бөмбөгөр хондлойтой, урт нарийхан чихтэй, том дугариг нүдтэй, дүүлж харайж буй мэт ихэд гоёмсог урлажээ. Хөшөөний арын өргөн хавтгайн зүүн захад урласан нэгэн бугын бөгс нь тухайн хавтгайд багтахгүй болоход нөгөө тийш нь эргүүлэн мушгиж дүрсэлсэн нь сонирхолтой.


Хоёр дахь буган хөшөөг булшны зүүн хананд ашиглаж, орой нь хугархай үлдэж доод хэсэг нь алга болжээ. Хөшөөний оройд нар, нэг жижиг бугын толгойг уруу нь харуулан урлажээ. Хөшөөний өргөн талын оройн хэсэгт том жижиг хоёр бугыг хөшөөний орой руу хоншоорыг нь хандуулан дүрсэлсний том бугын дүрсний бөгсөн хэсэг нь хөшөөг хагарахад таслагдсан байна. Хоёр бугын зүүнтэй дугуй дотор жижиг янгир дүрсэлсэн байна.


Гурав дахь буган хөшөөг дөрвөлжин булшны хойд хана болон ашигласан байдаг. Хөшөөний зүүн талын оройн хэсэгт нар, хөшөөний орой руу хоншоорыг нь хандуулан том жижиг дөрвөн бугын дүрсээр хөшөөг зүүн доороос баруун дээш ороон дүрсэлсэн. Бугуудыг мөн л загварчлан урлажээ. Хөшөөний нүүрэн талын хавтгайн бугануудын хооронд нум сум, зүүн хажуугийн хавтгайн доод хэсэгт толь, байлдааны алх, бөөрөнхий тольтой чинжал дүрсэлсэн. Чинжалын урт 44 см. Эдгээр хөшөөн дээрх чинжаал, байлдааны алх, толь зэрэг нь хүрэл зэвсгийн сүүл үед НТӨ XII-VIII зуунд холбогддог байна.


Морин толгойн толгойн булш нь Төв аймгийн Алтанбулаг сумын төвөөс баруун зүгт Замт 4-р багийн нутагт Туул голын хойд талд 1 км зайд Морин толгойн баруун талд байх Халзан хайрхан уулын энгэрт 120 дөрвөлжин булш, 24 хүннү булш байдаг. 


関連ニュース