“Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төслийг үргэлжлүүлэн санхүүжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар өчигдөр Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Л.Мөнхбаатар сайд Элчин сайдад хандан
салбарт хэрэгжүүлэх тэргүүлэх бодлого чиглэлийнхээ тухай мэдээлэл өгөв. Тодруулбал, “Эрх зүйн шинэтгэл-2”
хөтөлбөр хэрэгжүүлэх, улсын хэмжээнд мөрдөж буй хууль, тогтоомжуудад хүний
эрхийн үнэлгээ хийж арга хэмжээ авах, “Эдийн засгийг эрх зүйгээр дэмжих”
хөтөлбөрийн хүрээнд гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалах талаар хууль, дүрэмд өөрчлөлт оруулах чиглэлд
ажиллаж эхэлсэн тухайгаа дурдав.
Элчин сайд Ричард Буанган “Тэргүүлэх чиглэлээ болгож буй эрх зүйн шинэтгэлд сэтгэл
хангалуун байна. Эдийн засаг нээлттэй байх тусмаа өснө. Энэ чиглэлд дэмжиж, хамтран ажиллахад
нээлттэй. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын Засаг захиргаанаас гадны улсуудад үзүүлдэг
тусламж, хөрөнгө оруулалтаа дахин хянаад, Монгол Улсын ХЗДХЯ-тай өнгөрсөн 5
жил хамтран хэрэгжүүлсэн “Хүүхэд
хамгааллын түншлэлийн компакт: Хүн
худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төслийн үр дүнг өндрөөр үнэлж,
санхүүжилтийг үргэлжлүүлэхээр шийдсэн"-ийг дуулгав.
Талууд Элчин сайдын яамны дэмжлэгээр, АНУ-ын Төрийн департаментын Олон улсын хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх, хууль сахиулах товчоо (INL)-ны санхүүжилтээр Монгол Улсын хууль сахиулах салбарт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн үр дүн, бусад асуудлаар санал солилцжээ.