Нөгөөдрөөс улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-08-25 14:41:42

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Наймдугаар сарын 27-ноос эхлэн есдүгээр сарын 16-ны өдрийг дуустал буюу 20 хоногийн хугацаанд улсын дугаарын тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцоно.


Тодруулбал, сондгой тоогоор төгссөн бол энэ сарын 27, 29, 31-нд, есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11, 13, 15-нд, тэгш тоогоор төгссөн бол наймдугаар сарын 28, 30-нд, есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12, 14, 16-нд хөдөлгөөнд оролцох юм. Харин есдүгээр сарын 1-ний өдөр зохицуулалт хамаарахгүй бүх автомашин явна. Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 8:00-20:00 цагийн хооронд бүсчлэл харгалзахгүй, төвийн зургаан дүүрэгт хэрэгжих юм.


ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир “Авто замтай ойролцоох 180 орчим сургуульд цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгэнэ. Иргэд, жолооч нар хичээлийн шинэ жилийн өдрүүдэд сургууль, цэцэрлэг, хотхон, хороолол орчимд хурдаа тохируулах, замын хөдөлгөөнийн дүрмээ баримтлах, хүүхдээ анхаарч хянамгай байх”-ыг уриалав.



"Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу “Зохих зөвшөөрөл тоноглол бүхий хүнсний түгээлт, татан авалт, оршуулга, авто зам, тохижилт, шугам сүлжээний засвар үйлчилгээ, дипломат байгууллага, гадаад улсын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх нийтийн тээврийн стандартын шаардлага хангасан такси, сургууль, цэцэрлэгийн байгууллагын ажилчдыг тээвэрлэх зэрэг үйлчилгээнд ашиглах таних тэмдэг бүхий, хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгслийг зохицуулалтад хамруулахгүй. Шуурхай баг түгжрэлийг зохицуулахад анхаарч, Энхтайваны өргөн чөлөөний чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг чөлөөлж, иргэдийг нийтийн тээврээр саадгүй зорчуулна. Зах, худалдааны төв рүү чиглэсэн хөдөлгөөний ачаалал их байгаа учир тухайн чиглэлд замын хөдөлгөөний дүрмээ мөрдөн, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй зорчихыг иргэд, жолооч нарт зөвлөж байна” гэлээ.

関連ニュース