ХОВД: Ирэх онд хэрэгжүүлэх ажлын талаар санал уламжиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-08-26 18:08:48

Жаргалант, 2025 оны наймдугаар сарын 26 /МОНЦАМЭ/.  Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангаар ахлуулсан ажлын баг өчигдөр Ховд аймгийн удирдах ажилтнуудтай уулзаж, ирэх онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх шаардлагатай байгаа ажил, зарим тулгамдсан асуудлын талаар ярилцжээ.


Энэ үеэр Ховд хотын үерийн даланг шинэчлэн байгуулах, төв цэвэрлэх байгууламжийг өргөтгөх, цэвэр усны хоёр дахь эх үүсвэрийг бий болгох зэрэг ажлыг 2026 оны төсвийн төсөлд тусгаж, шийдвэрлэхэд анхаарах тухай санал уламжиллаа.


Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа: "Ховд аймагт өдгөө ундны усны хоёр дахь эх үүсвэр зайлшгүй шаардлагатай байгаа юм. Учир нь 10 давхраас дээш өндөртэй орон сууцны барилга барихад усан хангамж хүрэлцэхгүй, цаашид өсөн нэмэгдэх хэрэглээг хангахад хүндрэл үүсэх эрсдэлтэй байна. Мөн 2014 онд 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр цэвэрлэх байгууламжийг өргөтгөсөн ч элэгдэлд орж, усыг шүүхгүй байгаа. Тиймээс шинэ цэвэрлэх байгууламж шаардлагатай. Түүнчлэн дулааны цахилгаан станц шинээр барих таван га газрын асуудлыг ИТХ-аар шийдвэрлэсэн боловч санхүүжилтгүйн улмаас гацсан байдалтай байгаа" гэх мэдээллийг танилцуулав.


Ховд аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 50 гаруй төсөл, үйл ажиллагаа хэрэгжиж байна. Цаашид орон нутгийг хөгжүүлэх, дэд бүтцийг сайжруулахад мэргэжлийн байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагаа чухал үүрэгтэй юм.

関連ニュース