“Нүүдэлчин” соёлын өвийн наадамд Ховдынхон дэд байр эзэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны наймдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. "Нүүдэлчин"
дэлхийн соёлын өвийн наадамд Ховд аймгаас оролцогчид дэд байрт шалгарчээ.
Тус
наадам энэ сарын 22-24-нд Улаанбаатар хотод болсон юм. Үүнд 21 аймаг, нийслэлээс 1000 гаруй соёлын
өвлөн уламжлагч, суралцагч болон 27 орны 280 гаруй зочин, төлөөлөгч оролцжээ.
Наадамд
оролцогчид соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг сурталчилсан
бөгөөд тэргүүн байрт нийслэл Улаанбаатар хотынхон шалгарчээ. Харин тус наадмын дэд байрт Ховд, гуравдугаар байрт Өвөрхангай, тусгай байрт Хөвсгөл болон Дундговь аймгийн өвлөн уламжлагч, ардын
авьяастнууд шалгарсан байна.
Онцлоход, тус наадмын хүрээнд Ховдынхон урлагийн үзүүлбэр сонирхуулж, уламжлалт
тоглоом наадгай, ахуйн соёлыг сурталчилжээ. Мөн түүх соёлын үл хөдлөх дурсгал болох
Ямаан усны хад, хүн чулуу, Гурван сэнхрийн хадны зураг, Буган чулуун хөшөө, Цамбагаравын
хадны зургийг иргэдэд танилцууллаа.
Ховд аймагт соёлын өвийг түгээн дэлгэрүүлж, угсаатны бүлгийн онцлог, ёс заншил, түүхэн уламжлалыг сэргээн хөгжүүлж яваа 900 гаруй өвлөн уламжлагч бий. Энэ удаагийн наадамд 47 өвлөн уламжлагч оролцсон юм.