Язгууртны булшнаас олдсон түүхэн олдворыг хэвлэсэн 3D макетыг гардуулж өглөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-06 17:48:04

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 6/МОНЦАМЭ/. БНСУ-ын Тэжон хотын Бүтээлч эдийн засаг, инновацын төв (CCEI)-ийн төлөөлөгчид Хүннүгийн үеийн язгууртны булшнаас олдсон зарим түүхэн олдворыг хэвлэсэн 3D макетыг ШУА-ийн төлөөлөлд гардуулан өглөө.


ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн судлаачид тус төвийн зохион байгуулсан “Pitch to Partnership-3” үйл ажиллагаанд оролцож, хоёр орны археологчдын хамтарсан судалгааны төслийн үр дүн, зарим түүхэн олдворын зургийг илгээсэн нь ийнхүү сонин сайхан бүтээл болжээ. Төмрөөс ч бат бэх дэвшилтэт материалаар хэвлэсэн энэ бүтээлийг ШУА-ын Археологийн хүрээлэн хүлээн авсан юм. Тэжон хотын Бүтээлч эдийн засаг, инновацын төвийн энэ санаачлагат ажил нь хамтын ажиллагааны эхлэл, практик үр дүнгийн нэгээхэн илэрхийлэл болж байна.



Тэжон хотын Бүтээлч эдийн засаг, инновацын төв (CCEI)-ийн захирал Парк Дае Хэ, үйл ажиллагаа хариуцсан захирал Хван болон дагалдах зочдыг ШУА-ийн Ерөнхийлөгч С.Дэмбэрэл тэргүүтэй хүмүүс хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны боломж, чиглэлийн талаар санал солилцов. Хоёр тал цаашдын хамтын ажиллагаагаа батжуулах хүсэл сонирхолоо илэрхийлсэн санамж бичигт гарын үсэг зурлаа. Мөн бодит ажил хэрэг болох үр дүнтэй хамтын ажиллагаа эхлүүлэхэд сэтгэл зүтгэл гарган ажиллахаа хоёр тал харилцан илэрхийлжээ. 





関連ニュース