ОРХОН: Хот тохижуулах газрын үйл ажиллагааг сайжруулж шинэ техник хэрэгслээр хангана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-09-09 12:36:28

Баян-Өндөр,2025 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Мөнхбаяр Хот тохижуулах газрын мэргэжилтнүүдийн хамтаар нийслэлийн Чингэлтэй дүүргийн “Тохижилт үйлчилгээ” ХХК-ийн өдөр тутмын үйл ажиллагаа, ашиглаж буй техник хэрэгсэлтэй танилцлаа


Чингэлтэй дүүргийн хэмжээнд 37 мянга гаруй өрхийн 137 мянган иргэн, 7152 ААНБ-ын ахуйн хог хаягдлын тээвэрлэлтийг өглөө, өдөр, шөнийн цагийн хуваарийн дагуу тогтмол ачиж тээвэрлэдэг байна. Шөнийн тээвэрлэлтийг 20:00 цагаас хойш хийдэг. Үүнээс хамгийн онцлох нэг ажил нь ухаалаг хогийн сав анхаарал татжээ. Энэ нь хогийн саван дахь хог дүүрч буй эсэхийг сүлжээний тусламжтайгаар мэдэж, түүнийг нь тээвэрлэдэг байна. 26 хорооны хог тээвэрлэлтийг богино болон холын гэсэн хоёр ээлжээр зөөвөрлөх бөгөөд битүү шахдаг төхөөрөмжтэй болон задгай тэвштэй 62 тээврийн хэрэгсэл ашиглаж байгаа тухайгаа танилцуулсан байна.  


Тус байгууллага нь техник хэрэгслээ өөрсдийн үйл ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор гадаадын улс орнуудаас захиалгаар хийлгэдэг байна.


Мөн “Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцахын сацуу Монголдоо тусгай зориулалтын техник хэрэгсэл, авто машины худалдаагаар тэргүүлж буй “Киа моторс монголиа” ХХК-тай хамтарч ажиллахаар боллоо.

 

Энэхүү уулзалтаар Орхон аймаг, Баян-Өндөр сумын Хот тохижуулах газрын үйл ажиллагааг сайжруулах, ажилтнуудынхаа хөдөлмөрийг хөнгөвчлөх зорилгоор хотынхоо дэд бүтэц, зам талбайн онцлогт тохируулсан техник хэрэгсэл захиалгаар угсруулах юм.


Орхон аймгийн хувьд Хот тохижуулах газарт 5 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтыг 2024 онд хийсэн бөгөөд 332 ажилтан тус газарт ажилладаг. Хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд 2024 оноос ажиллах бүтцийг нэмэн парк шинэчлэлийг 90 хувьд хүргэж, 49 машин механизм, 110 хөдөлгөөнт чингэлгээр гэр хорооллын хог ачилтыг жилд 9-10 удаа хог татан авах нөхцөл бүрдүүлэн өмнөх онуудаас 3-4 удаагийн давтамжаар нэмэгдүүлжээ.


Мөн хүн ам нэмэгдэхийн хэрээр хог хаягдал ихэсч, 2020 онд 137 792 м.куб хог хаягдал дарж устгадаг байсан нь жил бүр нэмэгдсээр 2024 онд 217 112 м.куб болтлоо нэмэгдсэн байна.





関連ニュース