Шахмал түлшийг энэ сарын 15, хагас коксжих нүүрсийг ирэх сарын нэгнээс борлуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-09 14:48:02

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод сайжруулсан түлшийг есдүгээр сарын 15-наас, хагас коксжих нүүрсийг аравдугаар сарын нэгнээс 400 цэгээр худалдаж эхэлнэ.


Авто машины зам дагуу төв гудамжинд нүүрс борлуулахыг хориглож, гэр хорооллын гудманд зарах түлшийг иргэд "сайн" карт болон аппликэйшн ашиглан худалдан авах боломжтой. Шахмал түлшний үнийг нэмээгүй, 25 кг буюу нэг уутыг нь 3750 төгрөгөөр зарах бол шинээр худалдах хагас коксжих нүүрс 25 кг буюу нэг уут нь 5000 төгрөг байх юм. Өнгөрсөн өвөл борлуулалтын 600 цэгээр 540 мянган тонн шахмал түлш борлуулжээ. Энэ өвлийн халаалтын улиралд 40 мянган тонн мидлинг, импортоор 306 мянган тонн хагас коксжих шахмал түлш авч, нийт 340 мянган тонн түлшээр айл өрхийг хангах юм.

 

Хагас коксжих нүүрсний дээжийг ШУА-ийн Химийн хүрээлэн болон БНСУ, БНХАУ-ын лабораторид туршихад, сайжруулсан түлштэй харьцуулахад хүхэрлэг хий 89 хувь багассан гэж дүгнэжээ. Мөн судалгаагаар азотын исэл 72, угаарын хий 24, тоосонцрынх 68 хувиар багассан гэсэн дүн гарсан тул ийнхүү хагас коксжих нүүрс хэрэглэх нь зүйтэй гэсэн шийдэлд хүрчээ. Ийнхүү хагас коксжих нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдлыг 45-50 хувиар багасгах боломжтойг Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин мэдээлэв.




Улаанбаатар хотод одоогоор 172 мянган айл өрх нүүрс түлдэг бөгөөд түр шилжин суурьшсан, оюутан залуус зэргээс хамааран өвөлдөө 15-20 мянган айл өрх нэмэгддэг байна. Эдгээр айл өрхөд өнгөрсөн онд 60 мянган ширхэг угаар мэдрэгчийг суурилуулсан бол энэ сард 60 мянган айлыг, 10 дугаар сард 45 мянган айлыг угаарын хяналтын системд холбох юм. Ингэснээр угаартах үед хяналтын удирдлагын төвд мэдээлэл ирж, 5-7 минутад очиж тусламж үзүүлэх боломжтой аж. 

関連ニュース