ЗАВХАН: Дөрвөн сум хадлангийн нөөц талбайтай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-09-12 15:03:42

Улиастай, 2025 оны есдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Завхан аймагт төслийн дэмжлэгээр 90 га-д хадлан тэжээлийн нөөц талбайг байгуулжээ.


Уур амьсгалын өөрчлөлт, малын тоо толгой, хүн амын төвлөрлөөс шалтгаалан бэлчээрийн даац муудаж цаг хүндэрсэн үед малчид хадлан тэжээлийн нөөцөө хангалттай бүрдүүлж чадаагүйгээс өвлийг өнтэй давах боломж бүрдэхгүй байна.


Тиймээс энэхүү эрсдэлийг бууруулах үүднээс Адапт төслөөс уур амьсгалын эрсдэл, эмзэг байдлын үнэлгээ, нутаг дэвсгэрийн төлөвлөлт болон бэлчээрийн менежментийн төлөвлөгөөнд үндэслэн олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Үүний нэг нь Завхан аймагт нийт 90 га-д байгуулсан хадлан тэжээлийн нөөц талбай юм.


Энэ зун Цэцэн-Уул суманд 20 га, Их-Уул суманд 40 га, Тосонцэнгэл суманд 25 га, Алдархаан суманд 5 га газарт хадлан тэжээлийн нөөц талбай байгуулсан. Мөн төслөөс Цэцэн-Уул сумын хэмжээнд элсний нүүдлээс хамгаалах зурвас ойг нийт 6 цэгт байгуулсан нь ургалт сайн байна. Цагаанчулуут сумын Арц багийн нутагт бэлчээр сэлгэх ажлууд амжилттай хэрэгжиж байна. Хадлан тэжээлийн нөөц талбайг байгуулсан нь үр дүнтэй ажил болсон, энэ намар зарим талбайгаас хадлангаа авна гэж Адапт төслийн Завхан аймаг дахь зохицуулагч ярилаа.


Ташрамд, Адапт төслийн үр шимийг хүртэж буй нутгийн олон малчид талархал илэрхийлж байна. Түүний нэг нь Их-Уул сумын Цэцүүх багийн малчин Ж.Эрдэнэбилэг юм. Тэрээр: -“Бид хадлан тэжээлийн нөөц газартай боллоо. Цаашид хадлангаа сайн бэлтгэж, арчилгаа хамгаалалтыг хариуцлагатай хийж бүлгийн зохион байгуулалтад орж ажиллана. Хувь хүн, малчин бид өөрсдөө санхүүгээ гаргаад ийм хашаа барих боломжгүй. Энэ бол үнэхээр хэрэгтэй, ашиг тусаа өгөх сайхан ажил боллоо” гэв. 

Хадлан тэжээлийн нөөц талбай байгуулах ажлыг “Фамилипартнерс” ХХК гүйцэтгэж,

Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Мөнххүрэлээр ахлуулсан ажлын баг хүлээн авчээ.

関連ニュース