Ажлын байр нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл дэмжих санал их ирж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-11-12 23:53:11

Дархан-Уул аймгийн Засаг даргын Үйлдвэрлэл, Дэд бүтэц, Хот төлөвлөлтийн бодлого, хууль эрх зүйн асуудал хариуцсан орлогч Т.Ганболдтой ярилцлаа.

-Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдан хэрэгжиж байна? Ямар онцлогтой хөтөлбөр болсон бэ?

-Аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэг хоёр сар гаруй хугацаанд ажиллаж найман бүлэг, 11 дэд бүлэг, 139 зорилттой хөтөлбөрийг аймгийн ИТХ-д оруулж батлуулсан. Эдгээр зорилтыг биелүүлэх 400 гаруй арга хэмжээг төлөвлөснөөр ирэх дөрвөн жилд 400 гаруй ажил хийгдэнэ. Онцлог гэвэл 2016 онд Засгийн Газраас баталсан “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль”-ийг хэрэгжүүлэх журмууд гарсан нь хөтөлбөрийг боловсруулах эрх зүйн орчин бүрдсэн. Хөтөлбөрөө амьд болгохын тулд сум, багуудад хэлэлцүүлэг хийж иргэдээсээ асууж гарсан 4100 гаруй саналыг нэгтгэж боловсрууллаа. Салбар бүрийн төлөөлөл, төрийн бус байгууллага, эрдэмтэдтэй уулзсан. Яагаад ийм олон хэлэлцүүлэг, уулзалт  хийсэн бэ гэхээр Засаг дарга нь аймгийн тулгамдсан асуудлыг олж харж түүнийг шийдвэрлэх үүрэгтэй холботой. Дараагийн онцлог нь МАН-ын мөрийн хөтөлбөрт суурилсан.

-Олон хөтөлбөр дэд хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх тухай тусгагдсан гэж байсан?

-Аймаг бүрт урт хугацааны хөгжлийн цогц бодлого байх ёстой. 2021 он хүртэлх аймгийн хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэхэд одоогийн төсөл хөтөлбөрүүд шаардлага хангахгүй байгаа бол 2016 онд УИХ-аар батлагдсан тогтвортой хөгжлийн бодлогод тулгуурлаж аймгаа хөгжүүлэх учиртай. Манай аймгийн хот төлөвлөлтийн бодлогын хугацаа дууссан. Энэ их чухал төлөвлөгөө учир зайлшгүй төлөвлөж хэрэгжүүлнэ. Хотын дүрэмтэй болж, хотын соёл, хотын төлөвлөгөөтэй болоход анхаарна. Дархан бол өөрийн гэсэн онцлогтой хот шүү дээ.

-Хэлэлцүүлгийн үеэр иргэд Дархан хотыг бие даасан хот болох ёстой гэж   байсан. Энэ ер нь шийдвэрлэгдэх болов уу?

-Хотын эрх зүйтэй болох асуудлыг аймаг дангаараа шийдэх эрх мэдэлгүй учир зөвхөн УИХ-д саналаа уламжилна. Нийт тгарсан 4100 гаруй саналд юу эс байхав дээ, тэр болгоныг биелүүлнэ гэж амлахгүй. Биелэх боломжтой асуудлыг нь шийдвэрлэнэ. Гэр хорооллын орчин нөхцлийг сайжруулж, замаа засах зэрэг нь тулгамдсан асуудал. Тэгэхээр бид аль болох тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийг зорьсон гэсэн үг. Одоохондоо хотын эрх тийм ч тулгамдсан асуудал биш. Ямарч хөтөлбөр тоо баримттай төсөвтэй, хариуцах эзэнтэй байж хэрэгжинэ. Бүгдийг нь нарийн тооцож байгаа учир хэрэгжих үндэслэлтэй. Төсөв санхүү хүнд байгаа ч иргэдийн хүсэн хүлээж байгаа бүтээн байгуулалтуудыг хийнэ. Тухайлбал, Дархан-Шарын голын замыг хатуу хучилттай болгоно. Хоёр Дарханы хооронд шинээр барьсан замыг гүйцээж ашиглалтанд оруулна. Манай аймгийн нийт иргэдийн 60 шахуу хувь нь гэр хороололд амьдардаг учир тэдгээр айлуудын дунд “Тохилог хороолол”, “Орхон кластер” төсөл хэрэгжинэ. Манай аймаг төмс, хүнсний ногоогоо бүрэн хангаж байгаа ч нэгдсэн бодлогүйгээс ногоочдын хөдөлмөр үнэгүйдэж ирлээ. Тэгвэл эцсийн бүтээгдэхүүн болгож зардаг болмоор байна. Үйлдвэрүүдээ хувийн хэвшилтэйгээ хамтарч байгуулаад төрөөс бүтээгдэхүүнийг нь гадаад дотоодод гаргах ажлыг шийдэж өгье.

–Өнгөрсөн дөрвөн жилд Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан ч биелэлээ олоогүй ажлууд энэ удаагийн хөтөлбөрт ч бас туссан байна?

-Харин тиймээс өмнө нь эхэлж байсан ажлуудаа гүйцээх чиглэл барьж байна. “Боловсрол хотхон”-ы ажлыг эхлүүлээд орхисон байна. Өнөөдөр олон арван багш, төрийн ажилтнууд айлын байр түрээсэлж халаасны өрөөнд амьдарч байна. Төрөөс тэдний нийгмийн асуудалд зайлшгүй анхаарах ёстой. Мөн баригдаад дутуу орхигдсон “Спорт цогцолбор”-ын барилгыг гүйцээхэд 14 тэрбум төгрөг шаардлагатай. 2020 он гэхэд  ашиглалтад орж хүүхэд, залуучууд чөлөөтэй ашигладаг болно.

-Ажлын байрыг хэрхэн яаж нэмэгдүүлэх вэ?

-Үйлдвэрлэлийг сэргээе, ажлын байр нэмэгдүүлье, жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжье гэсэн санал иргэдээс их ирсэн. Мэдээж ажлын байрыг нэмэгдүүлж хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ. Ажилгүйдлийг бууруулахын тулд зорилтот бүлгээр нь ангилж ажиллана. Залуучуудыг ажилтай болгох чиглэлд хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ. Монгол хүний дундаж наслалт 69 болоод байхад 40-45 насандаа тодорхой заалтаар тэтгэвэрт гарч байгаа хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтэд анхаарна.

-Сүүлийн жилүүдэд хэд хэдэн цэцэрлэг баригдсан ч хүрэлцэхгүй байна.-СӨБ-ийн хамрагдалт бусад аймгийг бодвол манайд 90 хувьтай. 100 хувьд хүргэж шийдэж чадаагүй байгаа. Эдийн засаг хямарсан үед шинээр барилга барихгүй нь ойлгомжтой. Иймд хуучин цэцэрлэгийн зориулалттай барилгаа ашиглах бодлого барина. Жишээ нь: 150 хүүхдийн цэцэрлэгийн зориулалттай нийгмийн даатгалын байрыг буцааж орон нутгийн өмчинд авч, цэцэрлэгийн зориулалтаар нь ашиглаж болно. Бас хуучин Дархан өртөөний ойролцоо 250 хүүхдийн цэцэрлэгийн барилга байгаа энэ мэтээр СӨБ-ын хамрагдалтыг нэмэгдүүлэх гарц ч байна.

-Бүх төсөл хөтөлбөрийг төрөөс санхүүжилүүлж чадахгүй. Төлөвлөсөн зарим ажлаа гадаадын хөрөнгө оруулалт, гэрээ хэлэлцээрийн хүрээнд хийх боломж байгаа юу? Тодорхой нэрлэвэл?

-Байлгүй яахав. Хог боловсруулах үйлдвэрийг байгуулахаар ОХУ, Хятад, Турк улс хөрөнгө оруулах санал тавьсан учир аль нь ашигтай вэ гэдгийг судалж байна. Мөн хогийг дахин боловсруулж цахилгаан үйлдвэрлэх талаас нь шийдвэрлэж чяадвал аймгийн төсөвт ч, улсын төсөвт ч сайнаар нөлөөлнө. Дарханд хоногтоо 100 тонн хог хаягдал гардаг учир боловсруулах асуудал нэн тулгамдаж байна. Энэ төслийг хэрэгжүүлэхэд төрд ямар ч дарамт ирэхгүй. Энэ мэтчлэн бид гадаад дотоодын хөрөнгө оруулагчдаас тусламж авч ажиллахыг эрмэлзэнэ.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

関連ニュース