Услалтын 11 системийг засаж шинэчилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-16 10:14:17

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Ховд, Говь-Алтай, Завхан, Баян-Өлгий, Төв аймгуудын газар тариалан бүхий сумд “Хүнсний ногооны үйлдвэрлэл, усалгаатай хөдөө аж ахуй” төслийг 2020-2026 онд хэрэгжүүлж, услалтын 11 системийг засаж шинэчилжээ.


Үүний дүнд 3000 гаруй га талбайд усалгаатайгаар хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үр тариа, тэжээлийн ургамал тариалж, 3500 гаруй өрхөд хүнсний ногооны тариалан эрхлэхэд нь арга зүйн туслалцаа үзүүлж байна. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 400 га талбайд Улаан дэлийн услалтын системийг шинээр байгуулахаар 450 м урт бороожуулагч машин, шугам хоолойг суурилуулж дуусган, усны шахуурга суурилуулахад бэлэн болжээ. Төслийг энэ онд багтан дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгөх аж.


ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн тэргүүтэй ажлын хэсэг Баян-Өлгий аймгийн мал, мах, тэжээл бэлтгэл, газар тариалангийн услалтын системтэй танилцсан юм. Тус аймгийн нийт нутаг гантай байснаас бэлчээрийн даац хэтэрч, хүндхэн өвөл болох төлөв гарсан тул 800 мянга гаруй толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөжээ. Аймгийн хэмжээнд өдөрт 93.7 тонн мах бэлтгэх хүчин чадалтай 7 үйлдвэр хэрэгцээнийхээ мах бэлтгэхээс гадна 6 улс руу хонь, ямаа, үхэр, адууны мах экспортлох гэрээ хэлэлцээр хийжээ. Одоогоор мах бэлтгэх 5 үйлдвэр 381.6 тонн мах экспортлоод байна. Тухайлбал, "Азат" ХХК-ийн махны үйлдвэр 1300 тн хонь, адууны мах экспортод гаргах гэрээ хийж, 90 ажилтантай, өдөрт 200 бод, 800 бог мал нядлах, 9 тонн бод, 6 тонн бог малын шулсан мах, 5 тонн чанасан мах, 5 тонн дайвар бүтээгдэхүүн боловсруулан ажиллаж байгааг "Азат" ХХК-ийн захирал Х.Бердимурат мэдээлжээ.



関連ニュース