ЗАВХАН: Монголын өвөрмөц голын нэг Хүнгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны есдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Бор хярын элсэн манхнаас эх аван урсдаг Хүнгүй гол нь Завхан аймгийн говийн сумдын тэжээгдмэл гол төдийгүй Мoнгoлын өвөрмөц гoлын нэг юм.
Xүнгүй гoл нь Xaнгaй нурууны xoрмoй, Иx нууруудын xoтгoр xoёрын нийлэx зaaгт орших Бор хярын элснээс эx aвч түүний өмнөд хилийг эмжээрлэн 200 км урсаж Aйрaг нуурт цутгaдaг.
Завхан
аймгийн говийн сумд болох Эрдэнэхайрхан, Завханмандал, Ургамал сум, Увс
аймгийн Завхан сумын нутгаар урсаж, голын ай савын талбай нь 21.6 мянган хавтгай дөрвөлжин км.
Усны жилийн дундаж зарцуулалт 2.1 м/сек, 3 метр. Муразаевын тэмдэглэснээр эрт цагт их хулсан
шугуйтай байсан ажээ. Уг гол нь эргийн дагуу хүнхээл, элсэн толгодууд,
хүнгүйн, түнгээ зэрэг байгалийн өвөрмөц тогтцыг бүрдүүлсэн газрууд олонтой юм.
Зун, намартаа нар жаргах мөчид элсэн манхан дунд цэнхэртэн харагдаж намуухан
зөөлөн урсгалтай гол. Энд зун, намрын улиралд аялагч, жуулчид тухлах дуртай.
Хүнгүй гол олон сонирхолтой домгуудтай. Хүнгүй, Завхан гол хоёр нь бүлээн зөөлөн устай, торгон элсэн дээгүүр урсдаг, өнгө нь эхийн сүү шиг цайвар зэрэг олон шинжээрээ адилхан учраас эгч дүүс сүүн гол хэмээн нутгийнхан ярьдаг.
Ижилхэн урсах голыг ялгахын тулд, Завхан гол нь гүнзгий тул эгч гол.
Хүнгүй гол нь гүнгүй буюу гүнзгий биш учир дүү гол гэж хэмээх домог яриа бий.
Он цагийн уртад, монгол бичгээр дүрсийн хувьд ижил хэлбэрээр тэмдэглэгддэг Хү-
Гү- дуудлага нь ярианы явцад хоорондоо солигдон Гүнгүй гэсэн нь Хүнгүй гэсэн үг
болж хувирсан гэдэг хууч бас бий.
Хүнгүй гол нь Бор хярын элсэн манхнаас эх авч урсдаг. Ихэнх голууд өндөр уул, өтгөн ой хөвчөөс эх авдаг бол Хүнгүй гол нь хөлгүй их элсэн манхнаас эх авч, их элсэн манхныг эмжин, элсэн дээгүүр урсдаг дэлхийд цөөхөн голын нэг.
Энэ нутагт нутаглаж байгаа хүмүүс эрт дээр цагт баруун талаас цаст
өндөр Алтай давж их холоос нүүж ирсэн гэнэ. Нүүж явтал огт хүн нутаглаагүй ийм
нэг ус нутаг байж. Тэгээд энд суурьшиж, хүн байхгүй байсан учир Хүнгүй гол гэж
нэрлэсэн гэнэ гэсэн домог бас бий. Тэр цагт Хүнгүй гол нь дүүрэн битүү мод
бургас, зэгсэн шугуйтай байсан тул алдсан адуу малаа олохын тул Шийрхайрхан,
хойд элсэн манхны орой дээр гарч харуулдан байж олж авдаг байжээ. Их мод
бургастай тул ялаа, шумуул ихтэй хүн амьтан ойр тойронд нь байх аргагүй байсан
гэдэг.
Их мод шугуй байсны үлдэгдэл нь одоогийн Гацаа хавийн мод
байна. Мөн Голын улааны дээд буланд оорцог тоорцог ганц хоёр мод бий. Ургамал
сумын Хар үзүүр, Намгийн сайраас наашаа голоо дагаад энд тэнд цувсан ганц нэг
мод байдаг. Голын адгийнхан араг савар, гэрийн модоо саяхныг хүртэл Хүнгүй
голын шугуйгаас авч хийдэг байсан тухай нутгийнхан ярьдаг.
