СҮХБААТАР: Тогооны ээрээр эко өглөөний цай үйлдвэрлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-09-19 16:31:30

Баруун-Урт, 2025 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/Баруун-Урт сумын наймдугаар багийн малчин, өрхийн үйлдвэрлэл эрхлэгч Ө.Хэрлэн дөрвөн үнээнийхээ сүүг өдөр бүр боловсруулж, 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Тэрбээр хамгийн сүүлд гэхэд энэхүү “Өглөөний цай” гэх шинэ бүтээгдэхүүнээ гаргажээ.


Бүтээгдэхүүний орц маш энгийн боловч хүмүүс тэр бүр ашигладаггүй эд. Тогоо нэрэхэд гардаг тогооны ээр /тогоо нэрэхэд бүрхээрт наалдаж хатсан аарц/-ийг хатааж боловсруулаад, овьёос, чиа үр, маалингийн үрээр баяжуулжээ. Энэ нь ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмжихээс гадна эрүүл, эко бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог.


Мөн бүх насынханд тохиромжтой. Өглөөний цайгаа бэлдэж, ууж амждаггүй хүмүүс үүнийг бүлээн ус, сүү, жимсний шүүсэнд 2-3 халбагыг хийж хутгаад л уучихна. Илчлэг ихтэй учир өл даах чадвар нь маш сайн гэнэ.



Уламжлалт өрөм, ааруул, хайлмаг, шар тос зэргээс гадна шар сүүний ундаа, цэлцэгнүүр, хатаамал, шар сүүний ирис зэргийг сүүлийн жилүүдэд үйлдвэрлэдэг болжээ. Гэрээсээ шууд худалдахаас гадна захиалгаар борлуулалтаа хийдэг. Нандин амьдрал гэх бэлгийн багцтай ч болжээ. Цаашид бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэхээс илүүтэй чанартаа илүү анхаарч орон нутгийн шилдэг брэнд бүтээгдэхүүн болгох нь түүний зорилго.


Жил бүр болдог "Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэн худалдаанд анх удаа оролцож байгаа ч бүтээгдэхүүнийг маань сүүлийн үед хүмүүс сайн мэддэг болсон. Ялангуяа шинэ нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг иргэд ихээр сонирхон худалдан авч байна гэж тэрбээр ярилаа. 



関連ニュース