Эрүүгийн хэрэг үйлдэж оргон зайлсан БНХАУ-ын иргэнийг эх оронд нь шилжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-24 14:29:07

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Эх орондоо эрүүгийн онц хүнд гэмт хэрэг үйлдэн, оргон зайлж, Монгол Улсад хууль бусаар оршин сууж байсан БНХАУ-ын иргэнийг өнөөдөр албадан гаргаж, харьяалах улсынх нь хууль хяналтын байгууллагад шилжүүллээ.


ГИХГ-ын мэдээлснээр тус иргэн 2010 онд бусдын нэр, бичиг баримт ашиглан Монгол Улсын хилээр нэвтэрч, хил нэвтэрсэн баримт бичгээ устган, манай улсад хууль бусаар оршин сууж байсныг хяналт шалгалтаар илрүүлсэн байна. Улмаар холбогдох байгууллагаас хувь хүний мэдээллийг тодруулахад БНХАУ-д бусдын амийг хохироон, оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байсныг тогтоожээ.


Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчлийг шийдэн, Монгол Улсаас албадан гаргаж, БНХАУ-ын Бээжин хот руу агаарын замын боомтоор хуяглан хүргэлээ. 

関連ニュース