Австралийн нийгмийн сүлжээний тухай хуулийг сайшаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2025-09-25 16:38:10

СИДНЕЙ, 2025 оны есдүгээр сарын 25 /Reuters/. Австралид өсвөр насныханд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох тухай дэлхийд анхных болсон хуулийг баталсныг тус улсын Ерөнхий сайд Энтони Албанезе НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы хүрээнд болсон үйл ажиллагааны үеэр сайшаагаад, хүүхдүүдэд нийгмийн сүлжээнээс учрах сорилт бэрхшээл “хувьсан өөрчлөгдсөөр байгааг” анхааруулжээ.


Ирэх 12 дугаар сараас эхлэн 16-гаас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглосон анхны улс болох гэж буй Австралийн хүчин чармайлтыг дэлхийн бусад орны засгийн газрууд болон технологийн компаниуд анхааралтай ажиглаж байна.


Австралийн эрх баригчид хэрэглэгчдийн насыг тооцоолоход хиймэл оюун ухаан, тэдний нийгмийн сүлжээн дэх хэрэглээтэй холбоотой өгөгдлийг ашиглаж, насыг баталгаажуулахдаа илүү хянуур хандахыг нийгмийн сүлжээний компаниудаас хүсэж байгаа ажээ.


Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр болсон Дижитал эрин үед хүүхдүүдийг хамгаалах асуудлаарх үйл ажиллагааны үеэр Э.Албанезе хэлэхдээ, энэ бол хялбар биш боловч зөв чиглэлд хийж буй чухал алхам юм гэлээ.


Австралийн жишээ урам зориг төрүүлж байна. Европын эрх баригчид та бүхнийг харж, та бүгдээс суралцах болно... ирээдүй хойч үеийнхний төлөө ямар алхам хийх нь биднээс хамаарнагэж Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен мэдэгджээ.


Австралид хүүхдүүдэд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох тухай хуулийг 2024 оны 11 дүгээр сард баталсан юм. Э.Албанезегийн Засгийн газар өсвөр үеийнхний дунд нийгмийн сүлжээг хэтрүүлэн ашигласнаас үүдэн сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг нөлөө учирч байгааг харуулсан судалгааг эш татан уг хуулийг санаачилжээ.


А.Албанезе засгийн газрынхаа хүчин чармайлтыг амьдралынхаа эгзэгтэй үе шатанд байгаа хүүхдүүдийг хамгаалах ухаалаг боловч хожимдсон алхам гэж тодорхойлсон байна. Бидэнд тулгарч буй сорилт бэрхшээл байнга хувьсан өөрчлөгдсөөр байгаа бөгөөд улс орнууд үүнийг янз бүрийн аргаар шийдэж байна" гэж тэрбээр хэлжээ. 



関連ニュース