“Тесла” компанийн борлуулалт өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2025-10-03 20:25:30

ОСТИН, 2025 оны аравдугаар сарын 3 /NHK/. Америкийн цахилгаан авто машин үйлдвэрлэгч “Тесла” компанийн борлуулалт өнгөрсөн улиралд түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ. 


Цахилгаан авто машинд үзүүлэх татварын хөнгөлөлтийн хугацаа есдүгээр сард дуусахаас өмнө АНУ-д захиалгын тоо ихээхэн өссөн нь үүнд голлон нөлөөлсөн байна.


Энэ оны 7-9 дүгээр сард дэлхий даяар 497 099 авто машин нийлүүлсэн гэж Тесла” компани пүрэв гарагт мэдэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 7.4 хувиар өссөн байна.


Ингэснээр энэ оны эхний хагаст огцом буураад байсан борлуулалт нь эргэн сэргэжээ. Тодруулбал, гүйцэтгэх захирал Илон Маскийн улс төрийн үйл ажиллагааг эсэргүүцсэн хэрэглэгчдийн бойкоттой тулгарсны улмаас борлуулалт буураад байлаа.


АНУ-д одоо цахилгаан авто машины татварын хөнгөлөлт хүчингүй болсон тул Тесла”-гийн борлуулалт 10 дугаар сараас хойш буурч магадгүйг шинжээчид анхааруулж байна.

関連ニュース