Европын Төв банк бодлогын хүүгээ хэвээр үлдээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2025-10-31 15:19:58

БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 31 /Anadolu/. Европын Төв банк пүрэв гарагт үндсэн гурван хүүгээ хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн нь шинжээчдийн урьдчилан таамаглаж байсантай нийцлээ. Ингэснээр хүүгээ хэвээр үлдээх шийдвэрийг сүүлийн гурван хурал дараалан гаргаж байна. 


Тус банк хамгийн сүүлд энэ зургаадугаар сарын хурлаар бодлогын хүүгээ бууруулсан нь 2024 оны зургаадугаар сард хүүг бууруулж эхэлснээс хойших найм дахь удаагийн бууруулах шийдвэр байсан юм.


Инфляц зорилтот 2 хувийн түвшинд ойролцоо хэвээр байгаа бөгөөд инфляцын төлөв байдлын талаарх Удирдах зөвлөлийн үнэлгээ ерөнхийдөө өөрчлөгдөөгүй гэж банкны мэдэгдэлд дурдсан байна. “Дэлхийн хүнд хэцүү нөхцөл байдлаас үл хамааран эдийн засаг өссөөр байна. Хөдөлмөрийн зах зээлийн тогтвортой байдал, хүүг бууруулах өмнөх шийдвэрүүд нь эдийн засаг тогтвортой байх чухал хүчин зүйл хэвээр байна” гэж Төв банк мэдэгджээ. 


Гэсэн хэдий ч дэлхийн худалдааны маргаан, геополитикийн хурцадмал байдал зэргээс шалтгаалан цаашдын төлөв байдал тодорхойгүй хэвээр байгааг мөн цохон тэмдэглэсэн байна. Еврогийн бүсийн инфляц есдүгээр сард 2.1 хувьтай гарсан нь наймдугаар сарынхаас 0.1 хувиар өсөж, Төв банкны дунд хугацааны 2 хувийн зорилтот түвшнээс үл ялиг давжээ.  

関連ニュース