БУЛГАН: Цэлмэг тэнгэрийн төгөлд 10 мянган мод тарьж цөлжилтийг сааруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-10-10 15:12:18

Булган,2025 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. “Тэрбум” мод намрын мод тарих өдрийн хүрээнд Гурванбулаг сумын ахлах  ангийн сурагч, багш нар Цэлмэг тэнгэрийн төгөлдөө мод тарилаа.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар намрын “Бүх нийтээр мод тарих өдөр"-ийг тохиолдуулан энэ сарын 8-нд  ахлах ангийн 140 гаруй сурагч болон ангийн багш нарын хамт “Ногоон Ази сүлжээ” ТББ-аас хэрэгжүүлж буй төслийн 100 га ойжуулалтын талбайд тарих 10000 ширхэг модноос тарьж цөлжилтийг сааруулах үйлсэд өөрсдийн хувь нэмрийг оруулж байна.


"Ногоон Ази сүлжээ" ТББ-аас хэрэгжүүлдэг уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай цөлжилтөд өртсөн газруудад мод тарих төслийг 2023 оноос Гурванбулаг суманд хэрэгжүүлж 100 га талбайг хашаажуулсан байна.


Эрчим хүч, техник хэрэгсэл, ажиллах хүч, сургалт гээд бүхий л зардлыг шийдвэрлэн мод, төмс хүнсний ногоо тариалж амьдарч буй байгаль орчноо хамгаалах, цөлжилтийг сааруулах, бэлчээрийн ургамлыг нэмэгдүүлэхийн төлөө хамтран ажиллаж буй тус төслийн хамт олонд талархаж буйгаа сумын удирдлагууд илэрхийлэв.


Уг 100 га талбайг “Цэлмэг тэнгэрийн төгөл” ойжуулалтын талбай гэж нэрлэсэн бөгөөд мод тарьж, эх дэлхийгээ ногооруулан, ирээдүйдээ хөрөнгө оруулах буянтай үйлсэд төрийн албан хаагчид, сурагчид, ахмадууд, ажилчид оролцдог ажээ.  


Мөн  ЗДТГ-ын эрэгтэй албан хаагчид бургасан тохойд тарьсан бургасыг хамгаалах хашаа шинэчлэн барьжээ. Гурванбулаг суманд "Тэрбум мод" хөтөлбөрийг амжилттай ийнхүү хэрэгжүүлж байна.


 

 




関連ニュース