БУЛГАН: Цасанд боогдсон малчдад сумын төвтэй холбогдох зам гаргаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-11-25 16:49:09

Булган, 2025 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Рашаант сумын нийт нутгаар зузаан цастай, талдаа 20-25 см, гуу жалгандаа 30-50 см хөрлөж хатуурсан байгааг аймгийн Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 


Сумын онцгой комисс арваннэгдүгээр сарын 24-ний өдөр цаг үеийн байдлаар хуралдаж дараах асуудлыг хэлэлцсэн байна.


-Цасанд боогдсон малчдад сумын төвтэй холбогдох зам гаргах

-Хувийн эмийн сан, ШТС-тай хамтран ажиллах албан бичиг хүргүүлэх

-Багийн засаг дарга нар иргэдэд мэдээлэл дамжуулах

-Сумын туулах чадвар сайтай машинд бензин, түлшний нөөцийн сав бэлдэх

-Сумын төсвийн үйл ажиллагааны зардлыг Сангийн яам татан авсан тул нэмэлт санхүүжилт хүсэх талаар хэлэлцэв.


Цаашид 26-28-ны өдрүүдэд цас ахиу орох төлөвтэй байгаа тул сумын Онцгой комиссын гаргасан шийдвэрийн дагуу алба хаагчид зарим багт зам гаргаж байна.


Сумын төвөөс чацарганын талбайн урдуур Баруун хөтөл ус, Бандийн ухаагийн ар хүртэл гаргасан замыг ашиглаж шаардлагатай эм тариа, хүнс, өвс, тэжээлээ татаж авахыг зөвлөсөн байна


Энэ зун бороо хур бага орсны улмаас өвсний гарц муу, малчид байгалийн хадлан авах боломжгүй худалдан авч өвс, тэжээлээ бэлтгэсэн. Зарим цас ихтэй газарт тугал, үхрээ нэмэгдэл тэжээлд оруулсан малчдын бэлтгэсэн өвс, тэжээлийг хоёр сарын нөөцтэй гэж ажлын баг дүгнэж байна.





関連ニュース