MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

Австрид ажиллаж амьдарч буй монголчуудад мэдээлэл хүргэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-10-13 11:23:21

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Нийгмийн даатгалын ерөнхий газар Монгол Улсаас Австри Улсад суугаа ЭСЯ-тай хамтран Австрид оршин суугаа иргэдэд тэтгэвэр, тэтгэмж зэрэг нийгмийн хамгааллын талаар цахимаар зөвлөгөө, мэдээлэл өглөө.


Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэргэжилтнүүд олон улсын хэлэлцээр, сайн дурын даатгал, тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын талаар иргэдийн сонирхсон асуултад хариулсан юм.


Нийгмийн даатгалын байгууллага нийгмийн даатгалын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, олон нийтэд сурталчлах ажлыг шат дараатай хийж байна. Үүний дотор хилийн чанадад ажиллаж, амьдарч буй монголчуудынхаа нийгмийн хамгааллыг шийдэх, тэдэнд нийгмийн асуудлаа шийдэх ямар боломж, бололцоо байгаа тухай мэдээлэл өгөх энэхүү цахим уулзалтыг цаашид тогтмол зохион байгуулахаар төлөвлөжээ.


Ташрамд дурдахад, хоёр улсын сайд нар "Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр”-т өнгөрсөн тавдугаар сард гарын үсэг зурж, хэлэлцээрийг хэрэгжүүлэх удирдлагын тохиролцоог Монгол Улсын талаас Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Бүгд Найрамдах Австри улсын талаас Хөдөлмөр, нийгмийн хэрэг, эрүүл мэнд, асрахуй, хэрэглэгчийг хамгаалах сайд Коринна Шуман энэ оны есдүгээр сарын 16-нд гарын үсэг зурж баталсан. Хэлэлцээрийг хэрэгжүүлснээр иргэд нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр улсад давхар төлөхгүй, гадаадад ажиллаж, даатгалын шимтгэл төлсөн хугацаагаа улсдаа шимтгэл төлснөөр нэгтгэн тооцуулж, ахмад насны, хөдөлмөрийн чадвар болон тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх зүйн үндэс бүрдэж, нийгмийн хамгааллын баталгаа нь сайжрах ач холбогдолтой юм.

関連ニュース