"Silk way star" уралдааныг Монгол, Казахстаны дуучид тэргүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2025-10-22 07:33:04

АСТАНА, 2025 оны аравдугаар сарын 22 /Кazinform/. "Silk way star" олон улсын дууны уралдааны тавдугаар үе шат Астана хотноо амжилттай болж өнгөрлөө. 


Энэ удаагийн шалгаруулалтад оролцогчид эх орныхоо соёл, ардын урлагийг харуулж, сэтгэл хөдөлгөм балладаас эхлээд эрч хүч дүүрэн үндэсний аялгуугаа төрөлх хэлээрээ дуулсан юм. Олон оролцогч үндэснийхээ бэлгэдлийг агуулсан хувцас өмссөн байсан нь үзүүлбэрүүдийг олон өнгө төрхтэй, тайзны бяцхан жүжиг мэт болгосон юм.


Ингээд Арменийн дуучин Саро Геворгян тав дахь үе шатны шилдэг оролцогчоор тодорлоо.


Харин Өмнөд Солонгосын “Kandis” хамтлаг хамгийн бага оноог авч, сүүл мушгиснаар төслөөс хасагдах болсон хэдий ч Казахстаны шүүгч, дуучин Жанар Дугалова гайхалтай шийдвэрийг гаргаснаар тус хамтлаг уралдаанаа үргэлжлүүлэхээр боллоо. 


“Kandis үзүүлбэрийнхээ үеэр өөрсдийнхөө нуугдмал авьяас чадварыг бүрэн илэрхийлж чадаагүй мэт санагдсан. Гэхдээ бид тэднээс акапелла дуулж өгөхийг хүсэхэд тэд үнэхээр чадвартай болохыг олж харлаа. Тэд оролцогчдын дунд цорын ганц хамтлаг тул шийдвэр гаргахад амаргүй байлаа. Долоо хоног бүр тэд жинхэнэ шоу үзүүлж, Казахстанд аль хэдийн шүтэн бишрэгчдээ олж авсан. Silk Way Star бол зөвхөн дууны уралдаан биш, уран бүтээлчдийн олон талын авьяас чадвар, боломжийг харуулдаг онцгой төсөл юм. Тиймээс зохион байгуулагч орны эрхээ ашиглан “Kandis”-ыг уралдаанд үлдээхийг хүсэж байна” гэж Жанар Дугалова хэлжээ.


Ийнхүү бүх оролцогч уралдаанд үлдэж, ирэх долоо хоногт үзэгчдийг шинэ үзүүлбэрээрээ гайхшруулахаар тайзнаа эргэн ирнэ.


Тавдугаар үе шатны дараах байдлаар Монгол, Казахстаны дуучид 572 оноогоор уралдааныг тэргүүлж байгаа бол Армени, Малайзын дуучид 570 оноогоор удаалж байна. 

  • Монгол — 572 оноо
  • Казахстан — 572 оноо
  • Армени — 570 оноо
  • Малайз — 570 оноо
  • Узбекистан — 562 оноо
  • Гүрж — 560 оноо
  • Хятад — 558 оноо
  • Тажикстан — 552 оноо
  • Киргиз — 538 оноо
  • Өмнөд Солонгос — 508 оноо

"Silk Way Star" тэмцээнийг бямба гараг бүрийн 20:00 цагаас "Jibek Joly" сувгаар, 20:30 цагаас "Silk Way TV" сувгаар дамжуулж байна.


“Silk Way Star” бол Азийн тивд болж буй ийм төрлийн анхны олон улсын дууны тэмцээн бөгөөд Азербайжан, Армени, Гүрж, Казахстан, Хятад, Киргиз, Малайз, Монгол, Тажикистан, Туркменистан, Узбекистан, Өмнөд Солонгос гэсэн 12 орны уран бүтээлчид өрсөлдөж байна.  


Олон улсын энэхүү төсөл нь тус бүр нь 100 гаруй минут үргэлжлэх 10 дугаараас бүрдэх бөгөөд казах, хятад, англи хэлээр цацагдаж байгаа юм.


Финалын шоу  ирэх 11 дүгээр сарын 22-нд болох ба Казахстаны “Jibek Joly” сувгаар болон оролцогч орнуудын гол телевизүүдээр шууд дамжуулна. Ялагчийг шүүгчийн оноо ба үзэгчдийн цахим саналыг 50/50 хувиар тусган тодруулна. Тус шоу дэлхий даяар 1 тэрбум гаруй үзэгчдэд хүрэх төлөвтэй байна.


Энэхүү шоуг Казахстаны Ерөнхийлөгчийн Телевиз, радиогийг цогцолбор болон "China Media Group" хооронд байгуулсан "Silk Way Star" олон улсын төслийг бий болгох гэрээний дагуу зохион байгуулж байна.


関連ニュース