Л.Батцэнгэл: Хувь хүний орлогын төрлөөс хамаарч татварын хувь хэмжээ харилцан адилгүй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Монголын татварын алба 2025 онд “Зөвлөн туслагч татварын алба” зорилт тавин ажиллаж буй. Энэ хүрээнд ТЕГ-ын Олон нийттэй харилцах төв Татварын улсын байцаагч Л.Батцэнгэлтэй Хувь хүний орлогын албан татварын тухай талаар ярилцлаа.
-Хувь
хүний орлогын албан татвар /ХХОАТ/-ын тухай хуулийг хэзээнээс мөрдөж
эхэлсэн байдаг юм бол? Уншигч, татвар
төлөгчид ерөнхий
ойлголт өгөөч?
-Орчин цагийн татварын алба 1992 онд байгуулагдсан, 5 төрлийн татварын хуулийг боловсруулаад 1993 оноос мөрдөж эхэлсэн гэж өмнөх ярилцлагадаа дурдсан. Түүний нэг нь ХХОАТ-ын тухай хууль юм. Тухайн үедээ Хүн амын орлогын албан татварын тухай хууль нэртэй байсан. Үүнээс хойш 2 удаа шинэчлэгдсэн. Эхнийх нь 2006 онд шинэчлэгдээд 2007 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдсөн. Дараа нь 2019 онд шинэчлэн найруулж 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн. Энэ хуулийг одоо хүчин төгөлдөр мөрдөж байна.
-Энэ
татварыг хэн төлөх вэ. Хэнд
хамааралтай вэ?
-ХХОАТ-ын тухай хуулийн дагуу Монгол
Улсаас орлого олсон иргэн бүр татвар төлөх ёстой. Энэхүү хуулиар татвар төлөгчийг Монгол Улсад
байнга оршин суугч татвар төлөгч болон байнга оршин суугч бус татвар төлөгч гэж
2 ангилдаг. Монгол Улсад байнга оршин суугч татвар төлөгчийг тодорхойлох үндсэн
2 шалгуурыг дэс дарааллын дагуу хэрэглэхээр хуульд заасан. Нэгдүгээр шалгуур нь тухайн
иргэн үргэлжилсэн 12 сарын хугацаанд 183 хоног ба түүнээс дээш хугацаанд Монгол
Улсад амьдран суусан байх. Энэ 183 хоног гэдэг шалгуураар тодорхойлж болж
байвал дараагийн шалгуурыг авч үзэх шаардлагагүй. Харин 183 хоног гэсэн шалгуураар
тодорхойлох боломжгүй бол тухайн иргэний татвар ногдох нийт орлогын 50-иас дээш хувийг Монгол Улсад олсон орлого
болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого болон эзэлж байвал байнга оршин суугч
албан татвар төлөгч болно гэсэн дараагийн шалгуурыг авч үзнэ. Энэ 2 шалгуурыг
хангахгүй байгаа тохиолдолд оршин суугч бус татвар төлөгч болно. Гэхдээ энд нэг
зүйлийг анхаарах ёстой. Гадаадын ЭСЯ, дипломат төлөөлөгч, консулын газарт
ажиллаж байгаа хүмүүс жилийн туршид Монгол Улсад амьдарч байгаа. Харин 183 хоног гэдэг шалгуураар Монгол Улсад
байнга оршин суугч иргэн болно. Гэхдээ тэд гадаад улсаас томилогдон ажиллаж байгаа
тухайн улсын төрийн албан хаагчид гэдэг утгаараа байнга оршин суугч бус иргэн
болно. Үүнтэй адилхан Монгол Улсаас гадаад улсад
томилогдон ажиллаж байгаа төрийн албан хаагч буюу Элчин сайдын яам, дипломат
төлөөлөгчийн газарт ажиллаж байгаа хүмүүс Монгол Улсад байнга оршин суугч иргэн
байна.
-Үүнийг сайн
ялгаж салгаж ойлгох ёстой юм байна, тийм үү?
-Тийм. Татвар төлөгчийг байнга оршин
суугч болон байнга оршин суугч бус гэж ангилаад байгаагийн шалтгаан нь ямар
орлогоосоо татвар төлөх вэ гэдгээрээ ялгаатай. Монгол Улсад байнга оршин суугч
иргэн бол Монгол Улсад олсон орлого, Монгол Улсаас эх үүсвэртэй орлого, дээр нь
гадаад улсад олсон орлогоосоо татвар төлнө. Харин Монгол Улсад байнга оршин
суугч бус иргэд зөвхөн Монгол Улсад олсон орлого болон Монгол Улсаас эх
үүсвэртэй орлогоосоо татвар төлнө.
-Тэгэхээр
гадаад улсад олсон орлогоосоо бол төлөхгүй юу?
-Тийм. Оршин суугч бус иргэн өөрийн
харьяалах улсдаа олсон орлогоосоо Монгол Улсад татвар төлөхгүй. Монгол Улсад
олсон ямар орлогоос албан татвар авах вэ гэдэг талаар авч үзье. ХХОАТ-ын тухай
хуульд зааснаар иргэний орлогыг 6 төрөлд ангилан татвар ногдуулдаг. Үүнд,
цалин, түүнтэй адилтгах орлого, үйл ажиллагааны орлого, хөрөнгийн орлого, мөн
хөрөнгө борлуулсан шилжүүлсний орлого, шууд бус орлого, бусад орлого гэсэн 6
төрөлд ангилдаг.
-Олон
төрлийн орлого байгаа учраас эдгээр орлого бүрээр татварын хувь хэмжээ нь өөр
байх уу?
-Нэгдүгээрт, цалин хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах
орлого байна. ХХОАТ-ын тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар энд 7 төрлийн
орлого хамаарч байгаа юм. Энд ямар орлогууд хамаарч байна гэхээр ажил олгогчтой
хийсэн хөдөлмөрийн гэрээний дагуу авч байгаа бүх төрлийн цалин урамшуулал, дээр
нь үндсэн ажлаас гадуур давхар ажил эрхэлж цалин урамшуулал авдаг бол энэ
орлого, мөн орон тооны бусаар ТУЗ, ажлын хэсэгт ч юм уу орж ажиллаад авсан
цалин одоо урамшуулал бүгд багтана.
-Дуучдын тоглолтдоо дуулсан орлого нь өөрийнх нь ажлаа хийгээд
олж байгаа орлого учраас эхний энэ орлоготой хамаарах уу?
-Үгүй. Энэ хэсэг бол хөдөлмөрийн
гэрээний дагуу буюу ажил олгогчтой байгуулсан гэрээний дагуу авч байгаа орлого
юм. Таны ярьж байгаа тохиолдол бол үйл ажиллагааны орлого болно.
Эхний
хэсэг дээр 2020 оны нэгдүгээр сарын 1-ний
өдрөөс одоо мөрдөж эхэлсэн хуульд орсон нэг гол өөрчлөлт бол хоол унааны мөнгө.
Өмнө нь шууд бус орлого гэж ангилдаг байсан. 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлээд хоол унааны
мөнгийг цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүн хэсэг
болгосон. Цалин хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос татвараа бодохын
тулд эхлээд нийт цалингаасаа НДШ, ЭМД-ын шимтгэлийг хасна. Ажилтан өөрөө ЭМД 2 хувь, НДШ 9.5 хувь, нийлээд 11.5 хувийн шимтгэл төлдөг. Энэ НДШ, ЭМД-ын
шимтгэлийг хасаад татвар ногдуулах орлого гарна. Энэ дүнгээс шаталсан хувиар
татвар ногдуулна.
Татвар
ногдох дараагийн орлого бол үйл ажиллагааны орлого. Энд 4 төрлийн орлого
хамаарч байгаа. Бие даан мэргэжлийн ажил үйлчилгээ явуулаад олсон орлого байна,
хувиараа бүтээгдэхүүн үйлдвэрлээд борлуулсны орлого байна, шинжлэх ухаан
урлагийн бүтээл гаргаад олсон орлого байна. Урлагийн хүмүүс үндсэн ажлынхаа гадуур,
төрөл бүрийн урлаг уран сайхны үйл ажиллагаанд
оролцоод орлого олдог. Үүнийг
нь үйл ажиллагааны орлогод хамааруулж ойлгоно.
Үйл ажиллагааны орлого гэдэгт манай улсад нэлээн түгээмэл байдаг тогтмол бус үйл ажиллагааны орлогыг хамруулдаг. Манайд намар самар жимс түүгээд, хавар ноолуурын үеэр ямаа самнаад ч юм уу орлого олдог хүмүүс байдаг. Үүнийг тогтмол бус орлого гэж үзэн үйл ажиллагааны орлогод хамааруулж тооцдог. Үйл ажиллагааны орлогын хувьд иргэн, татвар төлөгч илүү анхаарах ёстой. Учир нь татвараа өөрөө тодорхойлж төлөх ёстой бөгөөд 2 янзаар төлж болно.
Нэгдүгээрт, үйл ажиллагааны орлогоосоо тэр
орлогыг олохтой холбогдон гарсан зардлуудаа хасаад ашгаасаа 10 хувиар татвар төлж болно. Нөгөө хувилбар нь
хялбаршуулсан горим сонгож болно. Хялбаршуулсан горим нь хүсэлт гаргаад, нийт
орлогынхоо нэг хувиар татвар төлөх хувилбар юм. Үйл ажиллагааны орлоготой
иргэдийн хувьд дийлэнх нь энэ хувилбарыг сонгодог. Учир нь ААН бол орон тооны
нягтлан бодогчтой, нягтлан бодогч нь бүх тооцоогоо хийгээд, тайлангаа гаргана. Мэргэжлийн хүн байгаа учраас санаа зовох зүйл
бага. Гэтэл иргэний хувьд өөр. Бүгд санхүү, эдийн засаг, хуулийн мэдлэгтэй биш,
тийм байхыг ч шаардахгүй. Энэ тохиолдолд орлогын 1 хувиар татвар төлөх сонголт
нь иргэнд давуу талтай.
Татвар
ногдуулах орлогын 3 дахь төрөл нь хөрөнгийн орлого байна. Ерөнхийдөө ААНОАТ-ын
тухай хуультай адилхан. Энд иргэн өөрийн хөрөнгөө түрээслүүлээд орлого олж
болно, патент зохиогчийн эрх эзэмшдэг бол тэрийгээ бусдад ашиглуулаад эрхийн
шимтгэлийн орлого олж болно, хувьцаа үнэт цаас эзэмшдэг бол ногдол ашгийн
орлого олж байна, мөн хүүгийн орлого олж болно. Эдгээр орлогоос тогтмол 10 хувийн татвар төлнө. Гэхдээ түрээсийн хувьд
олсон орлогоос энэ орлогыг олохтой холбоотой зардлаа хасаад зөрүүд нь
ногдуулна. Харин эрхийн шимтгэлийн орлого, ногдол ашгийн орлого, хүүгийн
орлогын хувьд нийт дүнд нь 10 хувиар
ногдуулна.
Татвар
ногдуулах орлогын 4 дэх төрөл нь хөрөнгө борлуулсан шилжүүлсний орлого. Өөрийн
хөрөнгийг зараад олсон орлого гэсэн үг. Үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлого
байна. Энд нийт үнийн дүнгээс нь 2 хувиар татвар
ногдуулна. Өмчилдөг эрх буюу патент, лиценз зэргээ зарж болно. Борлуулсан
үнээсээ тухайн эрхийг анх авахад гарсан зардлыг хасаад, зөрүүд нь 10 хувиар татвар ногдуулна. Мөн хөдлөх хөрөнгө,
хувьцаа, үнэт цаасаа зараад орлого олж болно. Энд худалдсан үнээс анх худалдаж
авсан үнэ буюу анхны өртгийг нь хассан дүнгээс 10 хувиар татвар төлнө.
Татвар
ногдуулах дараагийн төрөл нь шууд бус орлого. Энь ажил олгогчоос эрхэлж байгаа ажил мэргэжилтэй нь
хамааралгүй нэмж үзүүлж
байгаа дэмжлэгүүд юм. Өмнө ярьсан хөдөлмөрийн гэрээний дагуу авч байгаа цалин
урамшууллыг цалингийн орлого хэсэгт хамааруулсан. Шууд бус орлого нь ямар ажил
хөдөлмөр эрхэлдгээс нь үл хамааран ажилтандаа дэмжлэг үзүүлж байгаа тохиолдлыг
ойлгоно. Түлээ нүүрсний хөнгөлөлт, орон сууцын одоо ашиглалтын зардлын
хөнгөлөлт байдлаар байж болно, үнэ төлбөргүй эсвэл хямдруулсан үнээр тээврийн
хэрэгслээр үйлчилж байж болно, ажилтны бусдад төлөх ёстой өрийг нь өмнөөс нь
төлсөн байж болно, арилжааны банкны зээлийн хүүгээс доогуур хүүтэй зээлийг
ажилтандаа олгосон байж болно, гэх мэтчилэн ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон цалин
хөлснөөсөө гадна нэмэлтээр дэмжлэг туслалцаа үзүүлсэн тохиолдолд шууд бус
орлого болно. Шууд бус орлогын нийт үнийн дүнд 10 хувиар ХХОАТ ногдуулдаг. Энэ нь ажил олгогчтой
холбоотой үүссэн харилцаа учраас ногдох татварыг нь ажил олгогчийн нягтлан
бодогч тооцоод, суутгаж аваад цалингаас суутгасан татвартай хамт ТТ-11 тайланд
тайлагнана.
Татвар
ногдуулах 6 дахь төрөл нь бусад орлого. Үүнд, урлаг,
спортын уралдаан тэмцээний шагналын ийт
дүнгийн 5 хувиар татвар
ногдуулдаг. Эд мөнгөний хонжворт сугалаанаас хонжвор хожиж болно. Нийт дүнгийн
40 хувиар татвар төлнө. Мөн бичил ажил үйлчилгээ эрхлэгч гэсэн ойлголт
бий. Үүнд, 2 төрлийн хүмүүсийг хамруулдаг. Нэгдүгээрт, ажлын байр нь тодорхой нэг газар
байрладаггүй, зөөврийн худалдаа эрхлэгчид байна. Энэ хүмүүсийн хувьд 2
хувилбараар татвараа төлж болно. Үйл ажиллагааны орлого гэж үзээд тайлагнаж
болно. Эсвэл хуульд заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1- 50 хувийн
хооронд тогтоосон хувь хэмжээгээр, жилд нэг удаа татвараа төлж болно. Хувь
хэмжээг нь аймаг, нийслэлийн иргэдийн хурал нь тогтооно. Хоёрдугаарт, хувиараа зорчигч тээвэр болон ачаа
тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүс. Ачааны машин, автобусааэ ашиглаад орлого олдог иргэд. Мөн үйл ажиллагааны орлогодоо оруулж
тайлагнаад татвараа төлж болно. Нөгөө тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод
хэмжээний 50-100 хувийн хооронд орон нутгаас тогтоосон хувиар
төлж болно. 2025 оны хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792.0 мянган төгрөг
байгаа. Энэ дүнгээс бодоод татвараа төлнө гэсэн үг.
Ulaanbaatar