БАЯНХОНГОР: Жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн ажлаараа аймгуудыг тэргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг Жендэрийн эрх тэгш байдлыг хангахаар зохион байгуулсан үйл ажиллагаагаар 21 аймгаа хошуучилжээ.
Монгол Улсад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүндэтгэлийн үйл ажиллагаанд Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяр, аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга В.Наранчимэг, жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Чулуунцэцэг нар оролцсон бөгөөд мөн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хорооны дарга Г.Занданшатар шилдгүүдийн батламжийг гардуулсан байна.

Баянхонгор аймаг нь Жендэрийн үндэсний хороо, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийг аймгуудаас анх удаа 2015 онд батлан хэрэгжүүлсэн. Улмаар 2017 онд батлагдсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөртэй уялдуулан шинэчлэн баталж амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай юм.
Мөн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратегийг хэрэгжүүлэх орон нутгийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тусгайлсан “Хонгорын хүүхэд хөтөлбөр”-ийг аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Жендэрийн салбар хороо 2018 онд шилдэг хороо, хүүхэд гэр бүл жендэрийн мэргэжилтэн, 2019 онд шилдэг мэргэжилтэн, эрдэм шинжилгээний хуралд Санхүү төрийн сан, Нийгмийн бодлогын мэргэжилтэнүүд тэргүүн байр, төрийн бус байгууллагууд тэтгэлэгт хөтөлбөрт удаа дараалан шалгарсан төдийгүй Үндэсний сургагч багш, салбарын шинжээчээр бэлтгэгдсэн 30 хүний тав нь орон нутгаас бэлтгэгдсэний нэг нь Баянхонгор аймгаас бэлтгэгджээ.
Ulaanbaatar