ХОВД: Ирэх оны төсвийг хэлэлцлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-12-04 11:30:44

Жаргалант, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ИТХ-ын наймдугаар хуралдаанаар төсвийн асуудлыг хэлэлцлээ. 

Аймгийн төсвийн 2024 оны гүйцэтгэл, 2025 оны  хэрэгжилт, 2026 оны төсвийн төсөл болон 2026 оны төсвийн орлого нэмэгдүүлэх, зарлага бууруулах, төсвийн үр ашгийг дээшлүүлэх тухай илтгэлийг холбогдох байгууллагын төлөөллүүд танилцуулж, энэ сарын 3-нд төлөөлөгчдийн саналаар баталсан юм. 

Ирэх оны төсвийн төслийг аймаг, сумдын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, холбогдох хөгжлийн бодлого, зорилттой уялдуулан боловсруулжээ.

Орон нутгийн төсвийн  2026  оны суурь орлогыг Сангийн яамны хяналтын тооноос 9.120.6 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр төсөвлөв.

Мөн 2026 оны төсвийн жилд хэрэгжүүлэх төсөл, үйл ажиллагааг салбар бүрээр ангилан төсвийн тооцооллыг хийсэн бөгөөд зарлагыг бууруулж, орлогоо нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.

Ирэх оны төсвийг Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын дүгнэлтийн хүрээнд 1.5 тэрбумаар нэмэгдүүлж баталсан гэж ЗДТГ-ын цахим хуудсаар танилцууллаа.  

Ховд аймаг энэ онд “Баялаг бүтээгчдийг дэмжих жил” уриалга дэвшүүлэн, орон нутгийнхаа жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэхэд онцгой анхаарчээ. 

Мөн хүний хөгжлийн асуудал болон хөдөө аж ахуй, дэд бүтэц, байгаль орчин зэрэг бүхий л салбарыг өргөжүүлэх, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, нийгмийн тогтвортой байдлыг хангах томоохон бодлого, зорилтыг хэрэгжүүлж байгаа тухай Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа онцоллоо.   


関連ニュース