ЗАВХАН: Архивын баримт жил ирэх тусам үнэ цэн нь нэмэгдэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Өнөөдөр
Монгол улсад архивын байгууллага үүсэж хөгжсөний 98 жилийн ой тохиож байна.
Завхан аймагт төр захиргааны болон төсвийн 221 байгууллага, аж ахуйн нэгж,
компанид албан хэрэг хөтлөлт, архивын ажилтнууд ажиллаж байна.
Өдрөөс өдөрт архив дахь баримт зузаарч байдаг. Архив гэдэг
төр түмний ой санамж юм. Архив бол улс үндэстний өв соёлын далай, өвөг
дээдсийн бүтээн туурвисан их бахархал, юм хэмээн ерөнхийлөгч асан Н.Багабанди
хэлсэн байдаг. Архивч хүнд нэг хуудас цаас ч үнэтэй байдаг хэмээн Завхан
аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн дарга Э.Мөнхзул хэллээ.
-Завхан аймгийн архивын сан хөмрөгт хэчнээн баримт
хадгалагдаж байна вэ?
-Манай архивын сан хөмрөгт 1925-2021 оны 315 хөмрөг
үүсгэгчийн буюу 2024 оны байдлаар 66983 хадгаламжийн нэгж баримт хадгалагдаж
байна.
-Завхан аймгийн Архивын тасаг ямар чиг үүрэгтэй ажиллаж байна вэ?
-Архивын тасаг нь төр захиргааны болон төсвийн байгууллага,
аж ахуйн нэгж, компаниудын албан хэрэг хөтлөлт, архивын ажилтнууд болон төрийн
алба хаагчдыг мэргэжил арга зүйгээр хангаж ажилладаг.
Бид өнөөдрийг хүртэл Архив албан хэрэг хөтлөлтийн тухай
хууль, Төрийн архивын үйл ажиллагааны нийтлэг журам, Архивын баримтыг хүн,
хуулийн этгээдэд ашиглуулах нийтлэг журмуудын
дагуу төрийн архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа баримтыг байгууллага,
иргэдийн хууль ёсны ашиг сонирхлыг хангах. Шинжлэх ухаан нийгэм танин мэдэхүйн
зорилгоор эрдэм шинжилгээ судалгааны ажилд, сургалт сурталчилгаа явуулах. Хэвлэл
мэдээллээр сурталчлах, хэвлэн нийтлэх, үзэсгэлэн гаргах. Байгууллага, иргэдэд
лавлагаа, хуулбар олгох зэргээр ашиглуулж төрийн үйлчилгээг үзүүлж байна.
-Архивын мэдээллүүд ихэнх нь цахимжсан уу?
-2011 оноос архивын баримтыг тоон системд оруулах үндэсний
хөтөлбөр Монгол улсад хэрэгжиж эхэлсэн. 2011 оноос эхлэн манай тасаг сан
хөмрөгийн мэдээллийг цахимжуулах, нэгдсэн бүртгэлийг хийж байна. 2024 оноос
систем шинэчлэгдэж анхан шатны бүртгэлүүдийг цахимжуулах ажлыг хийж 80 хувьтай
байна.
-Архивын баримт цахимжсанаар иргэдэд үйлчлэх үйлчилгээ хурдан
шуурхай болж чадсан болов уу?
-Тийм ээ. Архивын баримт цахимжсанаар иргэдэд үйлчлэх үйлчилгээ хурдан шуурхай болсон. Нэг иргэний хүсэлтийг өдөрт нь шийдвэрлээд гаргадаг болсон байна. Өдөрт дунджаар 15-18 хүний хүсэлт захиалгыг хүлээн авч, өдөрт нь багтаан шийдвэрлэдэг болж архивын үйлчилгээ маш хурдан шуурхай болсон. Ер нь архивын баримт маань жил ахих тусам үнэ цэн нь нэмэгдэж, нийгмийн хэрэгцээнд ч гэсэн нотлох гэрчлэх зорилгоор ашиглагддаг болсон.

Архивын баримтууд

Архивт хадгалагдаж буй хүн амын данс
Ulaanbaatar