ГОВЬ-АЛТАЙ: Туульсын хаан Жангар дөрөв дэх жилдээ амилна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-12-19 08:27:44

Есөнбулаг, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. “Туульсын хаан Жангар амилах үдэш-2025” үйл ажиллагаа энэ сарын 21-нд Алтай суманд болно.


Монгол Улсын яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний бүртгэлд багтсан "Монгол Жангар хайлах" өвийг сэргээх, хадгалан, хамгаалах, өвлүүлэн үлдээх зорилгоор уран зохиолын оргил гэгдэх "Баатарлаг Жангар" туулийг хайлна.


Тэртээ XV зууны үеэс өнөөг хүртэл өвлөгдөж ирсэн соёлын биет бус үнэт өвүүдийн нэг бол яах аргагүй Жангар тууль юм.


Жангар, Гэсэр судлаач, Ардын аман билэгзүйч Суръяа гуайн судалгаанаас үзэхэд, Говь-Алтай аймгийн Дэлгэр, Наран, Түмэн, Есөнбулаг сумаас Жангар туулийн дөрвөн эх гар бичмэл олдсон, Алтайн нурууны 13 ноён оргилын нэг Бурхан буудай уул тус туульд дурдагддаг гээд олон зүйлээр туультай холбогдож буй учраас үүнийг үр хойчдоо өвлүүлэн үлдээх ажлыг жил бүр өрнүүлж байгаа тухай Говь-Алтай аймгийн Соёл, урлагийн газрын дарга С.Цагаанбаатар тэмдэглэн хэллээ. 


Тууль хайлах үйл ажиллагааны хүрээнд урьдал болгож гал тахих ёслолыг зохион байгуулах тул иргэдийг өргөнөөр оролцохыг уриалсан юм. 


Жангар тууль хайлах үйл ажиллагааг анх 2022 онд Алтай суманд 1000 хүүхэд Баатарлаг жангар туулийн 17 бүлгийг хайлж өв соёлоо түгээн дэлгэрүүлж байсан бол өдгөө дөрөвдэх жилдээ шинэчилсэн найруулга дэглэлтээр зохион байгуулах гэж буйгаараа онцлогтой ажээ.

関連ニュース