ТӨВ: Оны онцлох хүүхдээр спортын дэд мастер Ш.Уранзаяа шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Аймгийн оны онцлох хүүхдийн оюуны спортын төрөлд Шагдарсүрэнгийн Уранзаяа шалгарлаа. Тэрээр энэ жил есөн настай бөгөөд Серби Улсад зохион байгуулсан Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, дэд мастерын болзол хангасан байна.
Түүний амжилтаас дурдвал, 3*3 насны ангилалгүй Азийн бүсийн тэмцээний сонгон шалгаруулалтын тэмцээнээс V байр, тусгай шагнал, насны ангилалгүй Азийн сурагчдын аварга шалгаруулах тэмцээнээс 22 дугаар байрт шалгарсан юм.
Мөн Монголын Хүүхдийн спортын Зуны VIII наадмын шатрын ганцаарчилсан 12 хүртэлх насны охидын төрөлд 3 дугаар байр, “Chess Amateurs Mongolia Оpen U1800” олон улсын чансаа тооцох тэмцээнээс дэд байр, өсвөрийн шилдэг шатарчдын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн V байр эзэлжээ.
Түүнчлэн “Мини шатар-2025” Өсвөрийн шатарчдын XV тэмцээнээс алтан медаль, “Цагаан бэрс”-2025 он Рапид шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй 12-13 насны ангилалд 4-р байр, “Амжилтын гараа- 2025” шатрын тэмцээний 11-12 насны ангилалд оролцож алтан медаль хүртсэн байна.
Мөн Монгол Улсын гавьяат дасгалжуулагч олон улсын мастер П.Жигжидсүрэнгийн нэрэмжит өсвөрийн шатрын тэмцээнээс алтан медаль, Хүүхдийн спортын VIII их наадмын хүрээнд зохион байгуулсан шатрын аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, аймгийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах шатрын тэмцээнээс алтан медаль тус тус хүртжээ.
Ulaanbaatar