П.Амаржаргал: Эвлэрүүлэн зуучлах хэсэгт хандах нь олон давуу талтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-11-21 14:08:50

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч П.Амаржаргалтай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, түүний давуу талуудын талаар тодруулж ярилцлаа.

-Сайн байна уу. Эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааны талаар манай уншигчдад товч мэдээлэл өгнө үү?

-Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль нь 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдөр батлагдаж, 2014 оны 02 сарын 04-ний өдрөөс эвлэрүүлэн зуучлагч томилогдон ажиллаж эхэлсэн. Дэлхийн 80 гаруй улс орон эвлэрүүлэн зуучлах тогтолцоотой байдаг юм байна. Монгол Улсын хувьд эрх зүйн маргааныг шүүх болон арбитраар шийдвэрлэдэг байсан бол одоо эвлэрүүлэн зуучлалаар хэрэг маргаанаа хянан шийдвэрлэх шинэ тогтолцоо 2014 оноос эхлэн бүрдээд байгаа юм. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа гэдэг нь маргааныг эвийн журмаар шийдвэрлэх шүүхийн бус аргыг хэлнэ..

- Эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар ямар төрлийн маргаануудыг шийдвэрлэдэг юм бэ?

-Иргэний эрх зүйн маргаан, Хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан, Гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаанд эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэхээр хуульчилсан байгаа.

Иргэний эрх зүйн маргаан гэдэгт иргэд хоорондын зээлийн гэрээ, түрээсийн гэрээ, худалдах худалдан авах гэрээнээс үүссэн маргаан, хөршийн маргаан гэх мэт маргаанууд орно.

Хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан гэдэг нь ажилтан, ажил олгогч хоёрын хоорондох хөдөлмөрийн гэрээнээс үүссэн маргааныг хэлж байгаа юм. Үүнд: цалин хөлсний маргаан, ажлаас үндэслэлгүй халагдах гэх мэт.

Гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаанд эвлэрүүлэн зуучлалыг заавал хэрэглэнэ. Заавал эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлэхгүйгээр шууд шүүхэд хандах тохиолдлыг мөн хуульчилж өгсөн байгаа. Энэ нь гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтанд байдаг бол, гэрлэгчдийн амь насанд аюултай байдал бий болсон тохиолдолд эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэхгүйгээр шүүх шийдвэрлэнэ. Нэг үгээр хэлбэл иргэн шууд шүүхэд хандана гэсэн үг юм.

Иргэний эрх зүйн маргаан, хөдөлмөрийн ганцаарчилсан маргааны хувьд тухайн иргэн эвлэрүүлэн зуучлагчид хандах уу, шүүхэд хандах уу гэдгээ өөрөө сонгох эрхтэй байдаг. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь шүүхийн ажиллагаатай харьцуулахад нэлээд хялбар, олон давуу талтай.

- Тэдгээр давуу талуудаас дурдвал?

-Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 60 хоногийн хугацаатай байдаг бол Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд 30 хоног, талуудын хүсэлтээр нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцож байгаа иргэдийн хувийн нууцыг чандлан хадгална.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь хаалттай явагдана.

Мөн шүүхийн байранд байрладаг учир талууд ирэхээс татгалзах, өөр газар уулзалтаа хийхийг хүссэн тохиолдолд талуудын тохиролцсон бусад газар явуулж болно. Гэхдээ энэ нь ресторан, цайны газар гэх мэт газрууд биш.

Талууд маргаж байгаа асуудал дээрээ өөрсдөө харилцан ярилцсанаар шийдлийг эвийн журмаар шийдэх боломжтой.

Зардал, цаг хугацаа хэмнэнэ. Улсын тэмдэгтийн хураамж харьцангуй бага төлнө. /1060000 төгрөгөөс дээш хэдэн төгрөг ч байсан 30000 төгрөг төлнө. Харин үүнээс бага бол Улсын тэмдэгтийн хураамжинд заасны дагуу төлнө гэсэн үг. Талууд энэ мөнгийг бас харилцан тохиролцож шийдвэрлэнэ/

Шүүхийн шийдвэрийн адил биелэгдэх боломжтой.

- Маргалдагч талууд эвлэрсэн ч тухайн тохиролцсон асуудал нь биелэлээ олохгүй бол яах вэ?

-Аливаа эрх зүйн маргаан нь төрөл садан, найз нөхөд, бизнесийн түншүүдийн хооронд үүсэх нь элбэг байдаг. Энэ тохиолдолд эвлэрүүлэн зуучлалд хандаж маргаанаа шийдвэрлүүлбэл хэн хэн нь сэтгэл хангалуун байж, талуудын найрсаг харьцаа хэвээр үлдэх сайн талтай юм. Маргалдагч талууд эвлэрсэн тохиолдолд эвлэрлийн гэрээг бичгээр байгуулна. Уг гэрээг шүүгч баталгаажуулж захирамж гаргана. Шүүгчийн захирамж шүүхийн эцсийн шийдвэр болдог.

Талууд эвлэрлийн гэрээнд тохиролцсон шаардлагаа заасан хугацаандаа сайн дураар биелүүлээгүй тохиолдолд өргөдөл гаргагч шүүхэд албадан гүйцэтгэх захирамж гаргуулан, гүйцэтгэх хуудас бичүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандан албадан гүйцэтгүүлэх боломжтой юм.

- Эвлэрүүлэн зуучлах төвд ханддаг асуудлын дийлэнхийг ямар төрлийн маргаан эзэлж байна?

-Монгол Улсын анхан шатны шүүхүүд дээр Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрөөд байна. Ер нь эвлэрүүлэн зуучлагчид хандаж байгаа ихэнх маргааныг иргэд хоорондын маргаан эзэлж байна. Сүүлийн үед эвлэрүүлэн зуучлалаар иргэд хоорондын зээлийн маргаанаас гадна банк, ББСБ болон иргэд хоорондын маргааныг шийдвэрлүүлэх хүсэлт маш их болсон. Ер нь маргаанаа шийдвэрлүүлээд гарч байгаа иргэд маш сэтгэл хангалуун эерэг сэтгэгдэлтэй байдаг. Иймд та бүхэн шүүх дэх эвлэрүүлэн зуучлах хэсэгт хандан дээр дурьдсан тодорхой төрлийн маргаан байгаа бол эвийн журмаар, богино хугацаанд зардал багатайгаар шийдвэрлүүлэх боломжтой шүү гэдгийг хэлмээр байна.

Д.Одонтунгалаг

関連ニュース