Сургууль бүрт цахим самбар суурилуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-11-28 16:43:44

Шинэ зууны боловсрол төслийн хүрээнд Сүхбаатар аймгийн бүх сургуульд ухаалаг самбар олгож байна. Сүхбаатар аймгийн төвийн дөрвөн ЕБС болон Сүхбаатар, Асгат, Эрдэнэцагаан, Дарьганга, Наран, Онгон сумдын сургуулиуд цахим самбартай болоод байгаа юм.

Самбарыг нийлүүлэгч талаас мэргэжлийн хүмүүс ирж суурилуулж, хүлээлгэн өвч байна. Үлдсэн сумдын самбар ирсэн, дараагийн ээлжинд очиж суурилуулж өгөх юм байна. Нэг самбар нь 2700 доллар буюу ойролцоогоор 6 сая орчим төгрөгийн  ханштай.

Цахим самбар нь зөөврийн хөлтэй учир багш бүр ашиглах боломжтой. Олон нийтийн сургалт зөвлөлгөөн болон нээлттэй, үзүүлэх хичээлүүдэд ашиглахад тохиромжтой. Самбарт ямар нэгэн бал шохой ашиглахгүй, өөрөө зориулалтын мэдрэгчтэй учир хүний биед ямар нэгэн гаж нөлөө байхгүй. Энэ нь сум бүрийн  сургуулийг шилэн кабельд холбох, цаашлаад багш бүрийн ширээн дээр интернетийн үзүүр хүрэх, багш нарын үйл ажиллагаа цахимжих их ажлын эхлэл юм. Одоогоор сургууль бүрт нэг ширхэгээс илүү олгох боломжгүй байгааг аймгийн БСГ-ын статистик, хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Т.Хурцбаяр хэллээ.

Цахим самбарыг Монгол Улсын Засгийн газар, БСШУЯ-ны захиалгаар БНХАУ нийлүүлж байгаа юм байна.

Т. Одончимэг

関連ニュース