"Өсвөрийн цом-2016" хөлбөмбөгийн лигийн тэмцээн 3 сар үргэлжилнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн засаг даргын идээл дор жил бүр зохион байгуулагддаг "Өсвөрийн цом-2016" хөлбөмбөгийн лигийн тэмцээн эхэллээ. Тэмцээнд аймгийн төвийн дөрвөн сургуулийн эрэгтэй, эмэгтэй баг тамирчид зургаан насны ангиллаар өрсөлдөх юм.
Хамгийн гол нь аймгийнхаа шигшээ багийг бий болгох, үндэсний шигшээ багт тоглох сайн тамирчдыг бэлтгэх зорилгоор энэхүү өсвөрийн цом тэмцээнийг зохион байгуулдаг бөгөөд энэ жил 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа ажээ.
"Тэмцээний зорилго бол мэдээж хөлбөмбөгийн спортын хөгжлийг дээшлүүлэх, хүүхдүүдийг энэ спортод татан оруулах боловч бидний хамгийн ойрын зорилт маань 2018 онд Швед улсад болох өсвөрийн хөлбөмбөгчдийн клубуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шигшээ багаа авч явах явдал юм. Бидэнд одоо энэхүү тэмцээнд явахад хоёрхон жилийн хугацаа байна. Тиймээс одооноос багаа бүрдүүлж бэлтгэл сургуулилтаа эхлүүлэх ёстой" хэмээн аймгийн хөлбөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга н.Дүгэрсүрэн ярьж байна.
Сүхбаатар аймагт сүүлийн жилүүдэд багийн спорт тэр дундаа сагсан бөмбөг, хөл бөмбөгийн спортууд эрчимтэй хөгжиж байгаа. Цаашид энэ хөгжлийг эрчимжүүлэхийн тулд аймгийн ЗДТГ болоод засаг даргын зүгээс тусгай бодлого барьж, анхаарч ажиллана гэдгээ аймгийн ЗДТГ-ын дарга Ш.Мандахнар онцоллоо.
"Өсвөрийн цом-2016" хөлбөмбөгийн лигийн тэмцээн 3 сар үргэлжилж, 3 дугаар сарын 18-ны өдөр аваргуудаа шалгаруулна. Өнгөрсөн жилийн цомыг эзнээр Баруун-Урт сумын 2-р БДС шалгарч байсан юм.
Т. Одончимэг