Хүмүүн бичиг сонины захиалга нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-11-30 16:56:48

Сүхбаатар аймаг Хүмүүн бичиг сонины захиалгын тоогоороо 21 аймаг дундаа доогуур ордог. Гэхдээ энэ оны 4-р улирлаас тус сонины захиалгын тоо эрс нэмэгджээ.

Тодруулбал: 2016 оны 1-р улиралд 50, 2-р улиралд 17, 3-р улиралд 9 ширхэгийг захиалж байсан бол 4-р улирлын байдлаар нийт 160 ширхэгийг захиалжээ. 3-р улирлын хувьд сурагчдын зуны амралт таарсан учир  харьцангуй цөөн байсныг тайлбарлалаа. Баруун-Урт сумын 1,2-р БДС-иуд хамгийн олноор захиалдаг юм байна.

Д. Сүхбаатарын нэрэмжит 1-р БДС-ийн хувьд сургуулийн захиргаанаас нэг ангийн хүүхдүүдэд хүрэлцэхүйц сонинг захиалан өгсөн нь сургалтын үйл ажиллагаанд маш их ач холбогдолтой байдгийг тус сургуулийн Монгол хэл, бичгийн багш Д. Амаргариг ярьж байна.

Харин төрийн байгуулагууд тэр бүр захиалдаггүй. Аймгийн Нийтийн номын сан гэхэд улиралд ердөө ганцхан ширхэгийг захиалдаг. Энэ нь зөвхөн номын сангийн фондонд хадгалагддан үлддэг. Мөн  хөдөө сумдаас захиалга маш бага ирдэг гэдгийг  аймгийн Шуудан үйлчилгээний газрын касс, ялгагч Г.Туяа хэллээ.

Цаашид Хүмүүн бичиг сонины тоог илүү нэмэгдүүлэхийн тулд холбогдох хүмүүс хамтран ажиллахаар болсон юм.

Т. Одончимэг

関連ニュース