Эрүүл мэндийн үзлэгт тэр бүр хамрагддаггүй иргэдэд анхаарлаа хандуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР12 дугаар сарын 1 буюу дэлхий нийтээрээ ДОХ-той тэмцэх өдрийг энэ жил Монгол Улсын хэмжээнд "ХДХВ/ДОХ-ООС СЭРГИЙЛЭХ НЬ-ТА БИДНИЙ ГАРТ" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа. Үүний хүрээнд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ЗДТГ, Эрүүл мэндийн газар /ЭМГ/, Аймгийн нэгдсэн эмнэлэг /АНЭ/-тэй хамтран үзлэг шинжилгээнд тогтмол хамрагдаад байдаггүй аймгийн төвийн ажилгүй залуучууд, таксины жолооч нар, хувиараа бизнес эрхлэгчдэд сургалт мэдээлэл өгч, урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг хийсэн байна.
Үзлэгт 45 иргэнд халдварт бус өвчлөлөөс хэрхэн сэргийлэх, ХДХВ /ДОХ/БЗДХ-аас хэрхэн хэрхэн хамгаалах талаар сургалт явуулж, ХДХВ болон Тэмбүүгийн шинжилгээ, элэгний хавдар илрүүлэх шинжилгээнд хамруулжээ. Мөн ЭХО-гийн үзлэгт 36 хүн хамрагдаж, үзлэгээр 1 хоргүй хавдрыг илрүүлсэн байна.
Мөн аймгийн ЭМГ, АНЭ-ийн ДОХ/БЗДХын кабинет, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, Цагдаагийн газартай хамтран аймгийн төвийн Энхжин, Стар зэрэг үйлчилгээний газруудаар явж ХДХВ /ДОХ болон бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх талаар сурталчилгаа, сайн дурын шинжилгээ хийжээ. Сургалтанд 73, шинжилгээнд 48 иргэн хамрагдаж, 6 төрлийн гарын авлага нийт 70 ширхэгийг, бэлгэвч 720 ширхэгийг тараасан байна.
Цаашид Нийгмийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан эрүүл мэндийн тусламж хүртдэггүй иргэдрүү чиглэсэн энэ мэт олон үйл ажиллагааг хийхээр төлөвлөж байгаагаа хэлж байлаа.
Т. Одончимэг