Хайлаар хотын номын сантай хамтран ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн номын сангийн дарга нар Хятад улсын Хайлаар хотын номын сангийн даргын урилгаар Хайлаар, Бээжин хотуудаар аялан тус хотуудын 6 том номын сан, 3 музейгээр зочлон ажлын туршлага солилцож, хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Хамтран ажиллах гэрээний хамгийн эхний ажил ирэх 6 сард Хайлаар хотод зохион байгуулах "Цайлахуй" сэдвээр эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг бөгөөд уг арга хэмжээнд аймаг бүрээс 4 буюу нийт 12 хүн оролцох эрхтэй юм байна. Хэлэлцүүлэгт оролцогчдын зардлыг уригч тал бүрэн хариуцах юм. Тиймээс Монгол цайны төрөл, цайлах ёсны талаар сонирхолтой илтгэл бичсэн эсвэл олон материал цуглуулсан хүмүүс энэ арга хэмжээнд оролцох боломжтой юм байна.
"Хятад улсын номын сангийн онцлог нь арвин баялаг номтойгоос гадна маш эртний олон хуучин номуудыг цуглуулж хадгалсан байдаг. Номын хадгалалт, хамгаалалт нь үнэхээр гайхалтай санагдлаа. Тус номын сангуудаар явж байхдаа "НОМ БОЛ ҮНЭХЭЭР ХҮН ТӨРӨЛХТНИЙ ОЮУНЫ ХОСГҮЙ ҮНЭТ ӨВ" гэдгийг улам ихээр мэдэрч өөрийн эрхгүй дуу алдаж явлаа. Мөн яаж илүү олон сайхан ном цуглуулж, зөв хадгалж үр хойчдоо үлдээх вэ гэж бодож явлаа" хэмээн Сүхбаатар аймгийн Нийтийн номын сангийн захирал М.Энэбиш хэллээ.
Хайлаар хотын номын сангийн даргын онцлог нь гадаад харилцаагаа хөгжүүлэхийг ихэд чухалчлан үздэг бөгөөд хэдхэн сарын өмнө болсон Дорнод аймгийн 70 жилийн ойд ирж "Номын сангийн шинэчлэл" эрдэм шинжилгээний хуралд оролцож байжээ.
Т. Одончимэг