Хүүхдийн харшийн сүлд модны наадам зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймагт шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийг байгуулан, бэлтгэл ажилдаа ороод байна. Энэ жилийн хувьд хүүхдийн харшийн сүлд модны наадмыг анх удаа зохион байгуулах гэж байгаагаараа онцлог юм.
Аймагт хүүхдийн харшийн сүлд модны наадмыг сүүлийн гурван жил зохион байгуулах гэж төлөвлөсөн боловч нөхцөл бүрдээгүйн улмаас чадаагүй. Харин энэ жил олон жил яригдсан энэхүү сүлд модны наадмыг “Мөрөөдлийн шинэ жил” нэртэйгээр зохион байгуулахаар болжээ. Урлаг, спорт сурлагаараа бусдыгаа тэргүүлдэг, үүгээрээ бусаддаа хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг 400 хүүхэд энэхүү баярт оролцоно. Гэхдээ аймаг орон нутгийн удирдлага, ивээн тэтгэгч байгууллагууд тодорхой үнээр урилга худалдан аваад түүнийгээ өөрсдийн сонгосон хүүхдүүддээ өгөх юм. Өөрөөр хэлбэл оролцох хүүхдүүдээс ямар нэгэн төлбөр мөнгө авахгүй.
"Мөрөөдлийн шинэ жил” хүүхдийн сүлд модны наадмыг аймгийн Жаахан шарга театр, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Жаахан шарга театрын дарга Т. Шинэхүү хэлэхдээ Энэ наадмыг олон жил төлөвлөсөний эцэст энэ жил анх удаа зохион байгуулж байгаа учир их ач холбогдол өгч, баярын үеэр болох арга хэмжээнүүдийн зохион байгуулалтыг сайтар төлөвлөж байна. Наад зах нь наадамд оролцох хүүхдүүдээ сургууль дээрээс нь тусгай автобусаар зөөнө. Жаахан шарга театрын үүдэнд улаан хивсний ёслол зохион байгуулж шилдэг хүүхдүүдээ танилцуулан дотогш оруулна. Мөн театрынхаа гадна талд мөсөн хотхон байгуулахаар төлөвлөн зураг төслөө гаргаад байна” хэмээн ярилаа..
Харшийн сүлд модны наадам 12 дугаар сарын 26-ны 13:00 цагт болно.
Т. Одончимэг