Судалгаагаар хөдөлмөр эрхлэлт, зээлтэй холбоотой бэрхшээл хамгийн өндөр хувийг эзэлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд аймагт “Иргэдийн эрх зүйн чадавхийн өнөөгийн байдал” зөвлөгөөн болж, баруун таван аймгийн 180 гаруй төлөөлөл оролцлоо.
Нээлттэй нийгэм форумаас Монгол Улсын хэмжээнд хийсэн иргэдийн эрх зүйн чадавхийн өнөөгийн байдлын судалгааны дүнгээс үзэхэд иргэдэд өдөр тутам тулгамдаж байгаа эрх зүйн үр дагавар бүхий бэрхшээлүүдийн дотор ажил хөдөлмөр эрхлэлт, зээл, газрын харилцаа, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бэрхшээлүүд хамгийн өндөр хувийг эзэлсэн дүн гарчээ.
Судалгаагаар иргэд өөрт тохиолдож байгаа бэрхшээлийг шийдвэрлэхэд хоёр хүн тутмын нэг нь тодорхой үйлдэл хийдэггүй бөгөөд үүнийхээ шалтгааныг 60 гаруй хувь нь юу ч хийгээд нэмэргүй, юу хийхээ мэдэхгүй гэж хариулжээ.Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдэд эрх зүйн анхан шатны үйлчилгээг ойртуулж, хуулиар олгогдсон эрх, боломжийг үр дүнтэй ашиглах, хуулийн үйлчлэлийг сайжруулах зорилго бүхий бүх нийтийн эрх зүйн боловсролын үндэсний хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх зорилт дэвшүүлээд байна.
Бүх нийтийн эрх зүйн боловсрол, чадавхийг дээшлүүлэхэд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн хүрээний бүх шатны байгууллагаас гадна иргэд, иргэний нийгмийн байгууллагын идэвхтэй оролцоо чухал гэж үзэж байгаа юм.
А.Бямбасүрэн