Хүрээмарал суманд бэлчээрийн даац асуудал үүсгэж болзошгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор аймгийн Хүрээмарал сумын мал тооллогын ажил үндсэндээ дуусч, нэгдсэн бүртгэлд оруулах ажил өрнөж байна.
Урьдчилсан байдлаар тус сумын хэмжээнд 190 орчим мянган мал тоолуулахаар байна. Нийт газар нутгийн хэмжээнд малын тоо толгой ихэсч байгаа учраас гаднаас отроор мал орж ирвэл цас унаагүй энэ үед туурайн зуд бий болгож мэдэх эрсдэл байгаа аж. Мал тооллогын ажилд дөрвөн хэсэг гаргаж ажиллажээ. Тооллогын явцад алдуул 16 адуу бүртгэгдсэн байна.
Тус сумын тухайд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумтай хилийн цэсийн маргаантай байсаар ирсэн. Уг маргааныг шийдвэрлэхийн тулд 1970-аад онд тогтоосон хилийн цэсийг харж, тухайн бүс нутагт GPS ажиллуулж үзэхэд Хүрээмарал сумынх гэдэг нь тодорхой болжээ. Гэсэн ч тухайн нутгийн өвөлжөөнд хоёр сумаас хоёр гэрчилгээ гаргаж, малчдад өгч байгаа нь малчдын дундах маргааны гол асуудал болж байгаа аж. Нэгэнт аймаг хоорондын маргаан учраас энэ асуудалд аймгийн зүгээс анхаарахыг тус сумын Засаг дарга хүслээ.
Сумын хэмжээнд 50 гаруй мянгат малчин байна. Хэдийгээр малын тоо толгой өсч, малчдын аж амьдрал дээшилсэн статистик харагдаж байгаа ч бодит байдал дээр малчдын амьжиргаа доошилж, бэлэн мөнгөгүй, малын түүхий эд үнэгүйдсэн байна.
Б.Мөнхзул