Галт зэвсэг эзэмшиж буй малчдыг сургалтад хамруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор аймагт явуулж буй галт зэвсгийг тоолж, бүртгэлжүүлэх ажлын хүрээнд Хүрээмарал суманд нийт 38 бууг тоолжээ. Эдгээр бууны 13 нь бүртгэлтэй, гэрчилгээтэй байсан бол 25 нь бүртгэлгүй байсан байна.
Тиймээс эдгээр бүртгэлгүй галт зэвсгийг эзэмшиж буй малчдыг нэгдсэн сургалтад хамруулж, гэрчилгээжүүлэх ажлыг хийхээр болжээ. Гэвч малчдад энэ нь хүндрэл дагуулж байгаа гэнэ. Тухайн галт зэвсэг эзэмшигч малчин сургалтад хамрагдахын тулд 158900 төгрөг төлөх, дээрээс нь гэрчилгээний хураамж ч нэмж төлөх ёстой болжээ. Сумын Засаг даргын судалснаар галт зэвсгийг бүртгэл, гэрчилгээгүй эзэмшиж буй иргэдийн амьжиргааны түвшин доогуур, эдийн засгийн хувьд тааруухан байгаа аж.
Тиймээс тухайн суманд нь уг сургалтыг зохион байгуулж, гэрчилгээг олгох, ингэхдээ сургалтын төлбөрийг бууруулж өгөх боломжтой эсэхийг холбогдох албаныханд санал хүргүүлээд, хүлээж байгаа юм байна.
Б.Мөнхзул